Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга Збигнев Рау Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхсан.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ оны намар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэдгийг мэдэгджээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсын эртнээс уламжлалтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбар, чиглэлээр өргөжин тэлж байгааг сайшаан тэмдэглэж, хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө талууд идэвхтэй хамтран ажиллаж, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлсэн байна.