Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийхээр болжээ. Тодруулбал, Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханыг томилохоор болсон байна. Эл томилгоог маргааш /2022.06.08/ Засгийн газрын хуралдаанаар эцэслэх аж.
Тэгвэл Биеийн тамир спортын улсын хорооны даргын албанд томилогдох гэж буй Д.Жаргалсайхан гэж хэн бэ.
Д.Жаргалсайхан нь 1965 оны дөрөвдүгээр сарын 29-нд Дархан хотод төржээ. Тэрбээр УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн бөгөөд 1999 онд ОХУ-ын Томск хотноо Ph.D докторын зэрэг хамгаалсан нэгэн аж. Тэрбээр Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн, ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант, Биеийн тамир спортын үндэсний төв, Биеийн тамир спортын улсын хорооны дэд дарга, Соёл спорт аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
-Ц.ОЮУНБААТАР, Д.ЖАРГАЛСАЙХАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АТГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙГААР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭЭД БАЙНА-
Түүний намтар тийм ч дардан биш бөгөөд хууль шүүхийн хаалга хүртэл татаж явсан нэгэн юм. Тодруулбал, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, улмаар өнгөрсөн сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм. Тэгвэл тус хэрэгт Биеийн тамир спортын улсын хорооны даргын албанд томилогдох гэж буй Д.Жаргалсайхан нэр холбогддог. Тодотговол, Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөгийг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг.
-Д.ЖАРГАЛСАЙХАН НЬ "ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАНГИЙН ХҮН ГЭГДДЭГ-
Түүнийг “Голомт”-ын Д.Баясгалангийн хүн гэх нь ч бий. Учир нь тэд Монголын оюутны спортын холбооны удирдлагаар олон жил ажилласан байдаг. Д.Баясгалан нь тус холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг бол Д.Жаргалсайхан нь тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг юм. Тэрбээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байхдаа “Рио-2016”-ийн Монголын олимпын шигшээ багийн тамирчдын хувцас хэрэглэлийн аяны цүнхэнд чанаргүй цүнх шахсан асуудалд хүртэл нэр холбогдож байсан нэгэн юм.