БАРИМТ: Ц.Нямдоржийн үед Цагдаагийн байгууллагууд улсын мэдлийн газар дээр орон сууц барьж, зарсан үйлдэл их гарчээ

БАРИМТ: Ц.Нямдоржийн үед Цагдаагийн байгууллагууд улсын мэдлийн газар дээр орон сууц барьж, зарсан үйлдэл их гарчээ

Өнгөрсөн нэгдүгээр сард Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “2020 онд улсын хэмжээнд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод гэхэд төрийн өмчийн 107 байгууллага төрийн мэдлийн буюу 104.2 га газар дээр нийтийн орон сууц барьж зарсан гэсэн дүгнэлт гарсан.

Өнгөрсөн 20, 30 жилд сургуулиудын хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайгүй болсон. Эмнэлгүүдийн газаргүй болсон. Төрийн гэж байж болох бүх газар үгүй болсон. Хүүхдийн урлан бүтээх төв орон сууцны хороолол болсон. Ийм жишээ үй түм. “Найрамдал” зуслангийн газарт сайд асан Эрдэнэ гэж хүн хувийн хашаа барьсан. Тэр хавь хувийн орон сууц болсон. Тэдгээр газрыг Засгийн газрын тогтоолоор гаргасан суурь үнэлгээгээр тооцохоор 99 тэрбум төгрөг” гэж хэлсэн.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР ХҮРТЭЛ УЛСЫН ГАЗАР ДЭЭР ОРОН СУУЦ БАРЬЖ ЗАРЖ БАЙЖЭЭ-

Уг мэдээлэл гарсны дараа олон нийт тус байгууллагуудыг мэдэхийг хүсч чухам хаана, ямар газрыг зарж, орон сууц бариулсан бэ гэдэгт анхаарал хандуулж байв. Тус мэдээллийг бид хүргэж байна. Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн Улаанбаатар дахь улсын мэдлийн газар дээр орон сууц барьж зарсан 107 байгууллагад Ерөнхийлөгчийн тамгын газраас эхлээд Гаалийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Эрчим хүчний яам, Баянгол, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Гадаад харилцааны яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг багтаж байна.

Гэхдээ энэ нь одоогийн Ерөнхийлөгч болон бусад байгууллагыг удирдаж буй хүмүүсийн үед гэсэн үг биш.

Тухайлбал, Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед ч зарагдсан газар бий талаар эх сурвалж мэдээлж байна. Мөн эдгээр жагсаалтаас үзвэл цагдаагийн байгууллагын дэргэдэх газрууд олноор зарагдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ газрууд нь Ц.Нямдоржийг Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад зарагдсан гэх. Тодруулбал, хэд хэдэн аймгийн цагдаагийн хэлтсүүд, Улсын мөрдөн байцаах газар, Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар, ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газар, ЦЕГ-ын харъяа акамеми, ЦЕГ-ын сургалтын төв, Налайхын цагдаагийн хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Ерөнхий прокурорын газар байгууллагууд газар дээрээ орон сууц барьж зарсан байгаа юм.

Жагсаалт: