Хууль зүй дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд хэлэлцэх эсэх нь удахгүй шийдэгдэнэ.
Гэтэл тус хуулийн төслийн 15.13-т “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байгаа юм. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Өнгөрсөн хугацаанд олон нийтийн зүгээс дээрх заалтыг "доромжлох" гэж томъёолж хэлэлцүүлэг өрнүүлж буй бөгөөд иргэний итгэл үнэмшилтэй байх эрхийг хязгаарласан заалт учраас хасах нь зүйтэй гэх санал, шүүмжлэлтийг хэлж байгаа юм.
Учир нь хуулийн энэ төсөл УИХ-аар батлагдвал “Жонхуу, Нянбактер, Боов, Данх, Босоо, Бетон, Хятадын эрлийз” зэргээр өрөөл бусдад нэр хоч өгч, доромжилсон иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, “ялтан” болж магадгүй байсан юм.
Мөн жирийн иргэн гэхээсээ илүүтэй фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн, сайд, дарга нарт нэр хоч өгөхөөс сэргийлж тус заалтыг боловсруулсан байж болзошгүй юм.
Тэгвэл МАН-ын бүлгийн энэ долоо хоногийн хуралдаанаар Эрүүгийн хуульд оруулж буй тус заалтыг "хасах" шийдвэрт хүрсэн байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, ""Доромжлох" заалтыг Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хасах шийдвэрийг бүлгээс гаргасан. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдааны үеэр хэлсэн" гэлээ.