Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, МХЕГ-ын дарга Б.Баасандорж нар мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд Шадар сайд С.Амарсайхан, "Засгийн газрын тавдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг шалгах шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр байна. Өнөөдрийн байдлаар СХД-ийн 32 дугаар хороонд мах боловсруулах 32 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.Үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр бий тухай албан мэдээллийг холбогдох байгууллагууд өгсөн. Энэ оны тавдугаар сарын 10-аас эхлэн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар Эмээлтэд 17 мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож лацадсан. Ажлын хэсгээс тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, дулааны аргаар мах боловсруулах үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож эрсдэлийн үнэлгээ хийх, стандартад нийцэж байгаа эсэхийг нягтлан нарийвчлан шалгах зэргээр нэг бүрчлэн ажиллана.
Цаашид эрүүл ахуйн шаардлага стандарт ажиллахгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцож, стандарт мөрдөх талаар арга хэмжээг авах болно. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавих шаардлагатай гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа учраас зохих арга хэмжээг авна. УИХ, Засгийн газраас үндэсний хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн зохион байгуулалтыг цаашид илүү сайжруулах үүрэг даалгавруудыг өгсөн. Энэ хүрээнд шаардлагатай ажлууд цаашид үргэлжилнэ. Иргэдэд хэлэхэд, хэвлэл мэдээллээр цацаж буй мэдээллүүдтэй холбоотой санаа зовнисон олон асуулт байгаа тул холбогдох хүмүүс мэдээлэл өгөхөөр ирсэн байна. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд цаг алдахгүй арга хэмжээ авах, нээлттэй мэдээлэл өгөх чиглэлд анхаарч байна" гэлээ.