ВИДЕО: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Автобус-3" баазын газрыг авч, 30 орчим давхар орон сууцны хороолол барьж эхэлжээ

ВИДЕО: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Автобус-3" баазын газрыг авч, 30 орчим давхар орон сууцны хороолол барьж эхэлжээ

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын замын түгжрэл, хүн амын бөөгнөрлийг багасгахын тулд “хотын төвд зургаан давхраас өндөр барилга бариулахгүй” гэсэн хатуу байр суурийг илэрхийлж байв. Гэвч түүний шийдвэр эрх мэдэл, албан тушаалтай хүмүүст үйлчилсэнгүй. Үүний хэд хэдэн жишээг бид өмнө нь хөндөж байсан.

ВИДЕО:

-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАРЫН ТУС БҮР НЬ 30 ГАРУЙ ДАВХАР ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН БАРИЛГЫН АЖИЛ АЛЬ ХЭДИЙН ЭХЭЛЖЭЭ -

Жишээ 1. УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн “Хурд” групп Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах Чингис зочид буудлын хажууд 25 давхар найман блок орон сууцны хороолол аль хэдийн барьж эхэлсэн талаар бид мэдээлж байв.

Жишээ2. Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсэгт “Эм Энд Жи констракшн” гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк барина гэж газар аваад одоо 25 давхар олон тооны орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар бид өмнө нь мөн мэдээлсэн. Мэдээлэл цацагдсаны дараа иргэд хүчтэй эсэргүүцэж шүүмжилсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ч “Эм Энд Жи констракшн” компанийн газар эзэмших тусгай эрхийг цуцлах албан бичиг хүргүүлсэн боловч өнөөг хүртэл барилгын үйл ажиллагаа эрчимтэй үргэлжилсээр байна. Энхтайваны гүүр бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төв цэгүүдийн нэг. Хэрэв тэнд 25 давхар олон арван орон сууц барьчихвал мянга, мянган оршин суугчийн бөөгнөрөл бий болно. Ингэснээр Олимп, Энхтайваны гүүр, Нарны зам яагаад ч ачааллаа дийлэхээргүй дүр зураг харагдаж байгаа юм. Товчхондоо та энэ хэсэг газар руу автомашинтайгаа орсон бол гарч чадахгүй, гарсан бол буцаж орж чадахгүй нөхцөл байдал үүсэж магадгүй.

Гэвч жишээ үүгээр дууссангүй. Дахин нэг эрх мэдэлтний орон сууцны хорооллын барилгын ажил хотын төвд сүндэрлэж байна.  

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, Циркийн урд тус бүр нь 30 орчим давхар, олон блок орон сууцны хороолол бариад эхэлжээ. Нийт 13,316 м2 талбай бүхий тус газарт өмнө нь “Автобус бааз-3” үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэвч өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын үүсгэн байгуулсан “Камдер” ХХК “Автобус баз-3”-ийн газар болон бусад объектыг худалдаж авснаар тус баазад ажилладаг 700 хүний эрх ашиг хөндөгдөж байна гэх мэдээлэл тухайн үед гарч байв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хотын төвд 30 гаруй давхар, 7 блок орон сууцны хороолол бариад эхэлжээ

-НИЙСЛЭЛИЙГ БӨӨГНӨРҮҮЛЖ БИШ, ТЭЛЖ ХӨГЖҮҮЛНЭ ГЭДЭГ Ч УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БЕТОН ШИРЭНГЭ ХОТЫН ТӨВД ЭЭЛЖ, ДАРААЛАН БОССООР-

Орон сууцны хорооллыг дагаад оршин суугчийн бөөгнөрөл бий болно. Ингэснээр тухайн хэсгийн авто замын ачаалал тэр хэмжээгээр нэмэгдэж, түгжрэл багасах нь бүү хэл “тэг зогсох” ч эрсдэлтэй. Мэргэжилтнүүд дорвитой арга хэмжээ авахгүй бол 2024 он гэхэд хотын замын хөдөлгөөн тэг зогсоно гэж буй.

Тиймээс Нийслэлийн удирдагчид хотыг бөөгнөрүүлж биш, тэлж хөгжүүлэх бодлого барьж замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийднэ гэж ярьдаг.

Гэвч өнөөдөр Улаанбаатар хотын төвд УИХ-ын гишүүдийн бетон ширэнгэ ээлж дараалан боссоор. Үүнээс УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хотын төвд газар авч байна уу гэх хардлага ч төрж байна. Нөгөө талаар УИХ-ын гишүүдийн тоо бага байгаа учраас нэг гишүүнд хэтэрхий их эрх мэдэл ногдож, энэ мэт “хуулиас дээгүүр” үйлдэл гарсаар байна уу гэх асуулт үлдэж байна.

Хуучнаар “Автобус-3” баазын газар дээр 30 орчим давхар орон сууцны хороолол баригдаж байна. 2022.05.31

Хуучнаар “Автобус-3” баазын газар дээр 30 орчим давхар орон сууцны хороолол баригдаж байна. 2022.05.31

Хуучнаар “Автобус-3” баазын газар дээр 30 орчим давхар орон сууцны хороолол баригдаж байна. 2022.05.31