УИХ-ын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Доржханд, Э.Батшугар, Д.Ганбат, С.Одонтуяа нар өнөөдөр (2022.05.19) Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэдээллийн эхэнд, Иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод Төрийн ордонтой танилцах, сонгогч нар гишүүдтэй уулзах үед тавигдах журмуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

“Журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх тухай” уг албан бичигт, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 5.2, 8.5, 9.2 дахь заалтыг үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан журамд заасан Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлага нь төрийн байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх эрхийг зөрчиж байгаагаас гадна олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлж байгааг дурдсан байлаа.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн зүгээс уг журмын 3.18 дахь заалтад нэр заасан хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд гэсэн хэсэгт “төрийн албан хаагч” гэж нэмэх, биеийн тамирын хувцас пүүзийг, чөлөөт амралтын хувцас гэдэгт жинсэн өмд, сандаал богино ханцуйтай цамц зэргийг хамааруулахгүй байхаар өөрчлөх саналыг оруулахаар тусгажээ.