ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нацист Германыг буюу Гитлерийн Германыг ЗХУ-тай адилтган үзэхийг хориглосон хуульд гарын үсэг зуржээ.
Тодруулбал, "ЗСБНХУ-ын удирдлага, ЗХУ-ын командлал, цэргийн албан хаагчдын зорилго, шийдвэр, үйл ажиллагааг нацист Германы удирдлагын зорилго, шийдвэр, үйл ажиллагаатай холбон тайлбарлах”-ыг хориглох юм. Мөн Нацист Германыг ялахад Зөвлөлтийн ард түмний гүйцэтгэсэн үүрэг, Европын орнуудыг чөлөөлөхөд ЗСБНХУ-ын үзүүлсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг үгүйсгэхийг хоригложээ.
Хуулийг зөрчсөн иргэнийг 5 мянган рублиэр торгох, эсхүл 15 хоног хүртэл хугацаагаар баривчлах, уг зөрчлийг дахин давтсан тохиолдолд баривчлах хугацааг 90 хоног болгон сунгах аж. Төрийн Дум уг хуулийн төслийг энэ сарын 6-нд гурав дахь хэлэлцүүлгээр санал нэгтэй баталсан юм.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард В.Путин нацизмыг зөвтгөж, ахмад дайчдыг доромжилсон хүмүүст оногдуулах ялыг нэмэгдүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм. Хуульд зааснаар цэргийн алдар суу, дурсгалын бэлгэдлийг гутаан доромжлох, ахмад дайчдыг доромжилбол 3 жил хүртэлх хугацаагаар хорих, эсвэл 3 сая хүртэлх рублийн торгууль ногдуулна. Түүнчлэн урьдчилан тохиролцож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет ашиглан дээрх зөрчлийг үйлдсэн бол тав хүртэлх жилийн хорих ял, эсхүл 5 сая рублийн торгуультай.
Эх сурвалж: Vedomosti