Олон улсын олимпийн хорооноос "Токио-2020" олимпийн наадмыг угтан, олимпийн хөтөлбөрт багтсан, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ.
Олимпийн наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой, шилдэг тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.
Эл хөтөлбөрт Монголын 17 тамирчин хамрагдсан.
Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг Олон улсын олимпийн хороонд илгээн, шалгаруулснаар энэхүү хөтөлбөрт нийт 17 тамирчин хамрагдаж байна.
Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнөөдөр тэдэнд тэтгэлгийг нь гардуулж, амжилт хүсэв.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, тухайн спортын холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэж буй. Нэг сард 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.долларын дэмжлэг тамирчдад үзүүлж байна.
“Токио-2020” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид:
Жүдо– Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Гавьяат тамирчин Г.Одбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ОУХМ Ё.Басхүү
Буудлага– Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа
Бокс– ОУХМ Б.Чинзориг, М.Намуун
Чөлөөт бөх– Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, А.Батцэцэг
Таэквондо-ОУХМ П.Тэмүүжин
Хөнгөн атлетик– ОУХМ Д.Гантулга
Байт харваа-ОУХМ Ж.Гантөгс
Хүндийг өргөлт-ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг.