Сергей Шойгуг зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдсэн ба “тахир дутуу” болж магадгүй гэж Оросын нэрт бизнесмен мэдэгджээ

Сергей Шойгуг зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдсэн ба “тахир дутуу” болж магадгүй гэж Оросын нэрт бизнесмен мэдэгджээ

Өчигдөр/2022.04.14/ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдсэн талаарх мэдээлэл “Telegram” сүлжээгээр цацагджээ.

Энэ талаарх мэдээллийг анх Оросын нэрт бизнесмэн Леонид Невзлин өөрийн цахим сүлжээнд бичсэн байна. Тэрбээр “Сергей Шойгу тоглоомоос хасагдсан. Тэр сэхээний тасагт байгаа бөгөөд амьд үлдвэл тахир дутуу болж ч магадгүй гэжээ. Үүгээр ч зогсохгүй Леонид Невзлин Оросын Батлан хамгаалахын яамны 20 генерал, Холбооны аюулгүй байдлын(ФСБ) 150 офицерыг их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх “авлигын” хэргээр саатуулсан талаар бичжээ.   

Уг мэдээлэл цацагдсаны дараа тус улсын Батлан хамгаалахын яам үгүйсгэж, дөрөвдүгээр сарын 13-нд Шойгугийн оролцсон гэх Арктикийн хөгжлийн талаарх хурлын бичлэгийг цацсан байна.

Бичлэгт тэрбээр тэмдэглэл хөтөлж, В.Путины хэлсэн үгийг бичиж авч байгааг харуулжээ. Мөн “Украины болон барууны хэвлэлүүд Шойгуг эмнэлгийн орон дээр хэвтүүлэхийг оролдсон анхны тохиолдол биш. Тэр ажлаа хэвийн хийж байгаа” гэсэн байна.

Олны өмнө гаралгүй удсан Сергей Шойгуг зүрхний шигдээс болсон, бие нь хүнд эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэдээллүүд барууны хэвлэлүүдээр гарч буй. Өмнө нь Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко  мөн С.Шойгуг зүрхний шигдээс болсон гэж мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: Regnum, Mirror