АНУ-ын Төрийн Департментаас Шанхай дахь консулын газрын зайлшгүй шаардлагатайгаас бусад ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийг аюулгүй байдлын үүднээс Шанхай хотыг яаралтай орхин явах буюу эх орондоо буцахыг зөвлөсөн байна.
Гуравдугаар сарын 28-наас эхэлсэн тэг зогсолтын улмаас Шанхай хотын 25 сая оршин суугчийн нөхцөл байдал хүндрээд байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Мөн тээврийн жолооч нар хөл хорионд орсноор хүнсний нийлүүлэлт тасалдаж, иргэд хүнсний хомстолд орсноос эхлээд амиа хорлох явдал цөөнгүй гарч байгаа аж.
Ковид-19 халдвар авсан нь тогтоогдсон иргэдийг эмнэлэгт шууд тусгаарлаж, гэрийн тэжээмэл амьтдыг нь хэрцгийгээр устгаж буй бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр мөн тарсан.
Түүнчлэн халдвар авсан хүүхдүүдийг эцэг эхээс нь хүчээр салган тусгаарлаж буй явдал ч шүүмжлэл дагуулсаар байна. Улмаар Бээжингийн хатуу бодлогыг эсэргүүцсэн иргэд дэглэм зөрчин гудамжинд гарч эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн тул эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хятадын ардын чөлөөлөх армийн анги нэгтгэлүүдийг Шанхай хотод оруулж эхлээд байгаа юм.