Украин ээжийн хамгийн аймшигтай, зүрх шимшрүүлсэн мөч буюу Оросын цэргүүд ухрах үеэрээ тус эмэгтэйн хүүг хөнөөгөөд гүехэн худагт хаяж, тэрээр хүүгийнхээ цогцосыг олж байгаа нь дүрс бичлэгт үлджээ.
Тодруулбал, Киев хотын ойролцоо чөлөөлөгдсөн Бузова тосгонд Ням гараг/2022.04.10/-т Франс Пресс агентлагийн сэтгүүлчдийн буулгасан эмгэнэлт дүр зураг нь Оросын дайны гэмт хэргийн эмгэнэлт явдлыг дүрслэн харуулсан гэж CNN агентлаг онцолжээ. Бичлэгт, "Миний бяцхан хүү" гэж эмэгтэй уйлж, өвдөг сөгдөн худаг руу ширтэж, тэрээр хүүгээ гутлаар нь таньжээ. Харин цагдаа нар хүүгийнх нь цогцсыг худгаас гаргаж, цагаан уутанд боож байгаа нь харагдах аж.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, шатахуун түгээх станцын ойролцоох худгаас өөр нэг эрэгтэй цогцос мөн олдсон гэжээ. Харин энэ бүхнийг Дмитривка нийгэмлэгийн тэргүүн Т.Дидыч тайлбарлахдаа, “эдгээр хүмүүс хоёулаа тосгоны оршин суугчид бөгөөд нутаг дэвсгэрийн хамгаалалтын албаныхан байсан” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN