Өнгөрөгч шөнө болж өрнөсөн Орос-Украины нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээллүүдийг хүргэе.
- АНУ Украинд дахин зэвсгийн тээвэрлэлт хийхээ амлалаа. Тус улсын ерөнхийлөгч Жо Байден “энэ удаагийн тусламж Украинд түрэмгийлэгчдийн эсрэг “шинэ чадавхи” олгоно гэж мэдэгдсэн байна. Тээвэрлэлтэд нисдэг тэрэг, "камиказе дрон", их буу, хуягт машин болон бусад хангамж багтжээ.
- Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид Бучад ажиллаж, тус бүсийг “гэмт хэргийн газар” гэж хүлээн зөвшөөрчээ. Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Карим Хан “Бидэнд шүүхийн харьяаллын дагуу гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэх үндэслэл хангалттай байна” гэсэн байна.
- Польш, Литва, Латви, Эстони улсын Ерөнхийлөгч нар Украинд Ерөнхийлөгч Зеленскийд бараалхаж, өмнө нь эзлэгдсэн Бородянка хоттой танилцжээ.
- Европын аюулгүй байдлын томоохон байгууллага Оросын цэргүүд олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж байгаа маш тодорхой жишээ бий гэж мэдэгдэв. Мөн ЕАБХАБ-ын шинжээчдийн баг Оросын цэргүүдийн үйлдсэн эрүү шүүлт болон бусад шийтгэлийн найдвартай нотлох баримт олсон гэжээ.
- Нөгөө талаас ОХУ энэ бүхнийг үгүйсгэж, Украиныг бидний нэр хүндийг харлуулж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсаар байвал, Киев дахь удирдлагын төвүүдэд цохилт өгөх болно гэж сүрдүүлэв. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яам ээлжит оройн мэдээлэлдээ "Украины цэргүүд Оросын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, цохилт өгөх оролдлогыг бид харж байна. Хэрэв энэ хэрэг үргэлжилбэл Оросын зэвсэгт хүчин Украины шийдвэр гаргах төвүүд, тэр дундаа Киевт цохилт өгөх болно" гэжээ. Өмнө нь Украины талыг өнгөрсөн сард Оросын агаарын баазад халдлага үйлдсэн гэж Оросууд буруутгаж байсан билээ.
- Бүслэлтэд байгаа Мариуполь боомтод Украины мянга гаруй тэнгисийн явган цэрэг бууж өгсөн тухай өмнө нь ОХУ мэдэгдсэн. Гэвч Украины ерөнхийлөгчийн зөвлөх хот сүйрээгүй гэж мэдэгдлээ. Шинжээчид Мариуполь дахь тулаан Азовсталь дүүргийн эргэн тойронд үргэлжилж байгаа бололтой гэж таамаглаж байна. Хэрэв Орос энэ бүсийг эзэлбэл хотыг бүрэн хяналтандаа авч байна гэсэн үг юм.
- Оросын хөлөг онгоц Хар тэнгист Украины пуужинд оногдсон талаар Украины албаны хүмүүс мэдэгдэв. Одесса мужийн захирагч Максым Марченко “Москва" онгоц маш ноцтой хохирол амссан гэсэн байна. Лхагва гарагийн үүрээр хөлөг онгоцонд гал гарсан тухай зарим хэвлэл мэдээлж байв. Украины ерөнхийлөгчийн туслах Алексей Арестович “Оросын аврагчид хөлөг онгоцонд хүрч тусламж үзүүлж чадаагүй бөгөөд хөлөг онгоцонд ойролцоогоор 510 багийн гишүүн байсан” гэжээ.