Өнгөрсөн сарын Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын газарт амьдарч буй иргэдэд олгох нөхөн олговрыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл тус бүс нутагт амьдарч буй 270 өрхөд олгох нөхөн олговрын талаар Эрчим хүчний сайд С.Тавинбэх мэдээлжээ.
"Нөлөөлөлд 270 өрх өртөж байна. Энэ айл өрхүүдийн ард 1251 иргэн бий. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар бол зөвхөн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал, үндсэн хөрөнгөд үнэлгээ хийсэн нөхөн олговрыг олгох ёстой. Гэвч энэ нь малчид болох газар тариалан эрхлэгчдэд тохирохгүй байна гэж үзсэн. Тухайлбал, нөлөөлөлд өртөж байгаа айл өрхүүдийн 100 орчим нь 270 мянгаас есөн сая төгрөг аваад хэдэн үеэрээ, 20-30 жил нутагласан өвөлжөө, хаваржаа, бэлчээрээ орхиод нүүх болж байгаа юм. Тиймээс Засгийн газар дээр яриад нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Улмаар Засгийн газрын тогтоолоор нөлөөлөлд өртсөн иргэн бүрд 15.1 сая төгрөг олгохоор болсон" гэв.