Д.Амартүвшин: Дуучин болох мөрөөдлөөрөө зуны амралтаар ажил хийж төлбөрөө олсон ч Нарантуул зах дээр алдаж байлаа /ВИДЕО/

Д.Амартүвшин: Дуучин болох мөрөөдлөөрөө зуны амралтаар ажил хийж төлбөрөө олсон ч Нарантуул зах дээр алдаж байлаа /ВИДЕО/

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай, зорилго хүсэл тэмүүлэлтэй явж чадсан хүн бүрд заавал хариу нь ирдэг. Энэ ч утгаараа бага ахуй наснаасаа өөрийн мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чадсан дуучин, жүжигчин Д.Амартүвшинг бид энэ удаагийн SOCIAL ID буландаа оролцууллаа. Тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөний дараа олон олон телевиз, энтертайнментд ажиллаж байсан бөгөөд 2016 онд өөрийн "play entertainment"-ийг үүсгэн байгуулж, өдгөө өөрийн дуу клипээ өөрийн хэв маягт тааруулан сонирхолтой байдлаар хийдэг гэдгээр онцлог юм.

ВИДЕО:

-Сайн байна уу та үзэгч уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу намайг Данзаннямын Амартүвшин гэдэг. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяа. 2011 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо дуучин. /инээв/

-Одоо бол яг таны жанрын дуучид ихээр төрөх болсон шүү дээ. Таны хувьд тэднээс арай өөр хэв маягаар онцгойрч байх шиг санагддаг. Энэ талаараа ярихгүй юу?

-Миний хувьд гэвэл дуулах их мөрөөдөлтэй, сонирхолтой. Хүүхэд байхаасаа л дууны тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж ирсэн. Би өөрөө жүжигчин мэргэжилтэй хүн учраас бусад нийтийн дуу шиг аав ээж, нутаг ус, хайр дуулж байгаа дуучид шиг биш арай өөр төрлөөр өвөрмөц бүтээл хийх юмсан гэж дотроо бодож явдаг. Хуучнаар бол шог, хошин дууг орчин үеийн хэлбэрт оруулаад дуулдаг гэх үү дээ. Гэхдээ хэт их мааз, алиа зүйл оруулдаггүй. 

-Таны хамгийн анхны бүтээл бас нэлээдгүй хит болсон. Тэр дууны санааг хаанаас анх гаргав?

-Хамгийн анх эхлээд 2019 онд "Хөөрхөн төрөх албагүй" гэх дуугаа цацаж байсан. Тэр дуу маань нэлээдгүй өвөрмөц болоод тэр үү хүнд их хүрсэн санагдсан. Сайшаал ихийг авсан ч хажуугаар нь бас шүүмж их орж ирсэн. Одоо сүүлийн уран бүтээл гэвэл дөрөвдүгээр сарын арван хавьцаа амжихаар "Томоотой залуу" гээд уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо толилуулхаар клипны зураг авалтын шатандаа орчихсон явж байна. 

-Цаашдын уран бүтээлийн зорилгоосоо хуваалцаач?

-Мэдээж уран бүтээлч хүн бүрт гоё уран бүтээл хийчих юмсан гэсэн зорилго байдаг. Минийх ч мөн адил. Сайхан уран бүтээлийн тоглолт хийчих юмсан гэсэн мөрөөдөл дотроо нууцхан тээж явдаг.