Сүхбаатарын талбайд өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал үүрийн 4-5 цагийн үед хүчний байгууллагаас албадан тарааж 60 гаруй иргэдийг саатуулан баривчилсан.
Тэгвэл саатуулагдсан иргэдийг ямар үндэслэлээр саатуулсан талаар Isee.mn сайт тодруулан хүргэж байна. Жагсаалын үеэр саатуулагдсан иргэн 1: “Саатуулагдсан 60 гаруй иргэд байгаа бөгөөд дунд нь насанд хүрээгүй хүүхэд байсныг асран хамгаалагч нь ирэхээр гаргана гэж байсан. Өчигдөр жагсаагүй хажуугаар явж байсан иргэнийг хүртэл татаж аваад шууд саатуулсан. Жаахан хүүхэд байна шүү дээ гээд цагдаад хэлтэл “үгүй юун хүүхэд насанд хүрсэн байна” гээд л хүч хэрэглээд зодсон. Бодит байдал ийм л байна. Саатуулах байранд байх хугацаандаа бие засъя гэж байхад оруулахгүй байсан. Дэндүү хүнлэг бус юм” гэлээ.