Сүхбаатарын талбайд өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал үүрийн 4-5 цагийн үед хүчний байгууллагаас албадан тарааж, зарим иргэдийг баривчилсан юм. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдрийн жагсаалын үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Үүнд, “Өчигдөр гарсан жагсаалын үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар залуучуудтай уулзах үеэр түүн рүү ундааны сав, талх зэрэг шидэж эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үеэр нэг эмэгтэйн тархи хагарсан. Харин орой 19 цагийн үеэс жагсаалын бүтэц өөрчлөгдөж эхэлсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэх зэрэг үйлдэл гаргасан мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуус олноор цугларч байсан. Иймд энэ мэт турхирсан үйлдлийг зогсоох, гарах эрсдэлээс сэргийлж арга хэмжээгээ авч ажилласан. Цагдаагийн долоон алба хаагч бэртэж гэмтсэн. Харин саатуулагдсан иргэдийн хувьд тэднээс тайлбар аваад явуулна” гэв.