ХАВТАСТ ХЭРЭГ: Үл ялих маргаанаас болж эхнэрээ алгадаж хөнөөсөн этгээдэд НАЙМАН жилийн хорих ял оноожээ 

ХАВТАСТ ХЭРЭГ: Үл ялих маргаанаас болж эхнэрээ алгадаж хөнөөсөн этгээдэд НАЙМАН жилийн хорих ял оноожээ 

Өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн Г нь эхнэр О-той үл ялих шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь алгадаж амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарч, саяхан шүүхээр шийдвэрлэсэн байна. Иймд иргэд архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэх цаашлаад гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулах үүднээс нийтлэв. 

-ХЭРЭГТЭН Г НЬ ТАЛИЙГААЧИЙГ ТАКСИНД УНТАЖ БАЙХААР НЬ ӨРГӨЖ ГЭРЛҮҮГЭЭ АВЧ ОРЖ БАЙХ ҮЕДЭЭ ЮМ МӨРГҮҮЛСЭН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖЭЭ- 

Тодруулбал, арванхоёрдагаар сарын 06-ны өдөр иргэн Г,О нар найзуудтайгаа уулзахаар хамаатны эгчдээ хүүхдүүдээ үлдээн гарч явжээ. Хэрэгтэн Г талийгаач О нар 7-8 насны хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэр нөхрийн тэдний хоорондын харилцаа сайн байдаг талаар гэрчүүд бүгд мэдүүлэгтээ дурдсан байна. 

Тус хэргийн талаар нөхөр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгтээ, “Эхнэр бид хоёр найзындаа очоод байж байтал би Э гэх нэг найзтайгаа жолоочийн үнэмлэхийн ажил бүтэлгүйтсэнтэй холбоотой маргалдаж, ноцолдсон. Үүнээс болоод бид нар тарья харья гээд эхнэр бид хоёр такси бариад гэртээ ирсэн. Гэртээ хашааны жижиг хаалганы цоожийг өөртөө байдаг түлхүүрээр онгойлгож байшингаа түлхүүрээр нь онгойлгоод орцгоосон. Эхнэр таксинд унтаж байсан.

Эхнэр алхаж гишгэж чадахгүй байсан. Тэгж байхдаа би юм мөргүүлсэн юм байхдаа гэж санаад байна. Гэрт эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Эхнэрийг хэвтэж байсан орон дээр хэвтүүлсэн айхтар ноцтой маргаан болоогүй. Бид хоёр ялихгүй маргаанаас болоод би талийгаачийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан.

Талийгаачийн хамраас цус гарсан би цусыг нь хараад ханиа уучлаарай гэж хэлж тэврээд орон дээр суулгахад талийгаач би цустай даавуун дээр унтахгүй гээд орны даавууг авч бид хоёр унтсан. Би өглөө 6 цаг өнгөрөөд ажилдаа явдаг босоод гарч бие засчхаад буцаж ороод гал түлэхээр гэрт явж байгаад талийгаачийн толгой хэсгээс утсаа авах гэсэн чинь эхнэр маань цэл хөх, толгой нь дэрэн дээрээс их эвгүй гилжийсэн байхаар толгойг нь засаж хэвтүүлэх гээд дээш болгосон чинь хүйтэн оргисон. Тэгээд амьсгалыг нь шалгасан амьсгаагүй, сэрээч ээ ханиа гээд орилсон ямар ч хариу өгөөгүй” гэх утга бүхий зүйл мэдүүлжээ. 

Харин шүүх шинжилгээний байгууллагын зүгээс амь хохирогч О-ийн биед үүссэн гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Үхэлд хүргэсэн гэмтэл нь хүний хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой гэх дүгнэлтийг гаргасан байна. Иймд хэрэгтэн Г-д шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор 8 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байна. 




ЭМГЭНЭЛ

53 минутын өмнө