“Гал үндэстэн холбоо”-ны гишүүд “Зэвсэгт тэмцэл хийе” гэж Б.Баасанцогтоор Х.Баттулга руу мессеж бичүүлж байжээ

“Гал үндэстэн холбоо”-ны гишүүд “Зэвсэгт тэмцэл хийе” гэж Б.Баасанцогтоор Х.Баттулга руу мессеж бичүүлж байжээ

Өчигдөр /2022.04.06/ Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас ноцтой мэдээлэл хийсэн. Тодруулбал,Иргэдийн жагсаал цуглааныг далимдуулан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгалга хийх турхирах зорилготой зохион байгуулалттай байсан Монгол улсын нэр бүхий таван иргэнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Дээрх этгээдүүд төлөвлөгөө боловсруулж, зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илэрсэн” хэмээгээд дээрх иргэдээс хурааж авсан галт зэвсэг, сум зэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

ВИДЕО:

 

-Х.БАТТУЛГЫН ХУВЬД ТЭДНИЙ МЕССЕЖИД ХАРИУ ӨГӨӨГҮЙ БӨГӨӨД УУЛЗСАН БАРИМТ ОЛДООГҮЙ БАЙНА-

Тэгвэл баривчлагдсан таван хүний нэг нь өмгөөлөгч асан Б.Баасанцогт байсан юм. Харин тэд хэний амь насанд нь халдахаар төлөвлөж байв, эдгээр этгээдүүдэд хэн захиалга өгөв, хяналтдаа авах гэж байсан улсын онцгой обьект нь юу байв, яагаад нэгийгээ буудаж гэмтээв гээд олон асуулт хариултгүй үлдэж байгаа юм.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр ТЕГ-аас хийсэн мэдээлэл нь огтоос “тоглоом” биш бөгөөд “Гал үндэстэн холбоо”-ынхон дээрх зэвсгүүдийг цуглуулж энэ талаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгад бусдаар дамжуулж мессежээр мэдээлэл өгч байсан аж. Тодруулбал, тэд өмгөөлөгч асан Б.Баасанцогтоор дамжуулан Х.Баттулга руу хандаж, нэр бүхий улс төрчдийг “Ингэчихье. Тэгчихье” зэргээр ярьж байжээ. Гэхдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд тэдэнд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй, тэдэнтэй уулзсан баримт ч олдоогүй байгаа аж.  

Ц.Мөнхбаяр Төрийн ордон руу галт зэвсэг хэрэглэж байв. 2013 он

-Ц.МӨНХБАЯР ТӨРИЙН ОРДОН РУУ БУУДАЖ, ХОЁР ОБЬЕКТОД ТЭСРЭХ БӨМБӨГ СУУРИЛУУЛСАН ХЭРГЭЭР ЯЛ ЭДЭЛЖ БАЙХАД НЬ Г.УЯНГА, С.ГАНБААТАР НАР ЭРГЭЖ БАЙВ-

Тэгэхээр Б.Баасанцогттой хамт баривчлагдсан дөрвөн хүмүүс нь “Гал үндэстэн холбоо”-ны гишүүд байх магадлалтай байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын бүртгэлд тус холбоо нь Д.Цогтэрдэнэ, Ц.Мөнхбаяр, М.Баатархуяг, Г.Болдбаатар, Я.Хундаганай гэх хүний нэр дээр бүртгэлтэй байна. Мөн удирдах зөвлөлийн даргаар Ц.Мөнхбаяр бүртгүүлжээ.

"Гал үндэстэн холбоо" НҮТББ-ын бүртгэлийн талаарх УБЕГ-ын мэдээлэл. 2022.04.06

Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хэлснээр, “тэд Засгийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах төлөвлөгөөтэй байсан байж болзошгүй бөгөөд төв талбайд болж буй “Үнийн өсөлтийг эсэргүүцсэн” жагсаалыг далимдуулах гэж байсан байж магадгүй байгаа аж. Мөн тэд Төрийн ордонг хяналтдаа авахаар зэхэж байсан” гэх ч мэдээлэл байна.

Ц.Мөнхбаярыг ял эдэлж байхад нь УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нар эргэж байв. 2014 он

Түүх сөхвөл, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нь 2013 оны намрын чуулганы нээлтийн өдөр “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж Төрийн ордон руу буудаж, Байгаль орчны яам, Централ таурт тэсрэх бөмбөг суурилуулсан байдаг. Энэ үйлдэлд нь Ц.Мөнхбаярт хорих ял оноож байв. Харин Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423-р ангид хоригдож байхад нь УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нар эргэж байсан байдаг. Мөн Ц.Мөнхбаярыг Өршөөлийн хуулиар суллахад Г.Уянга ихэд баярлан өөрийн цахим хаягтаа сэтгэгдлээ хуваалцаж байжээ.