Ч.Өнөрбаяр: Улстөрчид рүү халдахыг завдсан гэх зэвсэгт этгээдүүдийн цаана гаднынхан байж болзошгүй

Ч.Өнөрбаяр: Улстөрчид рүү халдахыг завдсан гэх зэвсэгт этгээдүүдийн цаана гаднынхан байж болзошгүй

Өнөөдөр Тагнуулын Ерөнхий газраас Сүхбаатарын талбайд болж буй тайван жагсаалын үеэр өдөөн хатгах зорилготой зэвсэгт этгээдүүд нэр бүхий улс төрчийг хөнөөхөөр төлөвлөж байсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотой Ардчилсан намын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр “Тагнуулын Ерөнхий газраас манай намын нэр бүхий лидерүүдтэй холбоотой байж болзошгүй мэдээлэл хийсэн учраас бид байр сууриа илэрхийлэх ёстой гэж хэвлэлийн хурал хийж байна.

Тагнуулаас баривчилсан Б.Баасанцогт гэж нөхөр Монгол Улсын гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татсан, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах гэж явсан улс төрчдийг шоронд хийх схемийг зурж, тухайн үед Монголын эрх барьж байсан хүмүүстэй холбогдсон. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь ч ярьж байсан. Тэгэхээр тэр хүний гэрээс буу, шийдэм олдож байна гэдэг юу гэсэн үг вэ. Мэдээж Монгол төрийн тагнуулын байгууллага ийм хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй гэж бодож байна. Үүний цаана гаднын гар хөл, гаднын нөлөө байна гэж би харж байна. Монгол төрийг хүчгүйдүүлэх гэсэн, Монголыг Монголтой нь талцуулах гэсэн бодлого явж байна гэж харж байна. Өнөөдөр сөрөг хүчнийхээ төлөөлөгчдийг хөнөөх үйлдлийг цөөн хэдэн улс нь хийдэг. Энэ бол Монгол төрийн бодлого биш. Ардчиллын 30 жил МАН, АН ээлжилж, хамтарч засаг барьж байхдаа хэзээ ч төмөр сэлмээр тулалдаж байгаагүй.

Монголын нийгмийг эмх замбараагүй байдалд оруулах гэсэн, төрийг хүчгүйдүүлэх гэсэн гаднын бодлого байна гэж би харж байна. Хамгийн сүүлийн үзэл санааны хоригдол манай Э.Бат-Үүл дарга болоод дуусаж байх шиг байна. Хориод дийлэхгүй болохоор хөнөөх гэж байгаа юм байна. Тэгээд эрх баригч нам алчихлаа гэдэг зүйл явж магадгүй. Ингээд энэ орон зайд хэн нэгэн дарангуйлагч төрдөг” гэв.

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Ардчилсан нам уг асуудлыг маш эмзэг хүлээн авч байгаа. Учир нь АН-ын үе үеийн лидерүүд бусдын гарт амиа алддаг. Та бүхэн эргээд харвал С.Зориг, Наранцацралт, О.Энхсайхан, хамгийн сүүлд Г.Батхүү. Хэрэв Г.Батхүү гуай амьд сэрүүн байсан бол АН ингэтлээ хагарал, бутралд орох байсан уу. Тэгэхээр энэ хүн хэнд гай болж байсан бэ гэдэг асуудлыг бодох цаг болсон.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ "цаг нь болохоор хэлнэ" гэж татаа тунгаа хийсээр байгаад явсан. Өнөөдөр ТЕГ ч татаа тунгаа хийчихлээ. Хэн гэдэг улс төрч, ямар улс төрийн байгууллага, ямар төрийн объект гэдгийг ард түмэн мэдэхийг хүсэж байгаа. Энэ мэдээллийг ард түмэнд ил болгох цаг болсон. Эрх бариагүй АН-д энэ мэдээллийн талаар ямар ч ойлголт алга. Тиймээс хууль хүчнийхэн, төр засгийнхан ард түмний тайван байдал, эв нэгдлийг хангах үүднээс хэрвээ буруутай этгээд байвал захиалагчтай нь хамт шийтгэх ёстой. Гэм буруугүй бол цагаатгаж, суллах ёстой” гэв.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө