ТЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстеремст үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Дээрх этгээдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхээр багагүй хугацаанд бэлтгэж байсан. Тухайн этгээдүүдийн орон гэр, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөж байсан гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл илэрсэн.
Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрснээс Ака 47 маркийн сээр дугаарыг зориудаар арилгасан автомат буу 1 ширхэг, гар буу 1 ширхэг, ТТ-50 маркийн гар буу 1 ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг 5 ширхэг тус тус байсан.
Мөн 7.62 мм-ийн байлдааны сум 274 ширхэг, 6.4 мм-ийн сум 82 ширхэг, 223 мм-ийн сум 149 ширхэг, 5.6 мм-ийн сум 291 ширхэг, 12 мм-ийн сум 57 ширхэг, 16 мм-ийн сум 14 ширхэг буюу нийт 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан. Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн" гэв.