Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах тухай зарлиг гаргажээ. Энэ талаар яг одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулж байна.
Тэрбээр “Үнэхээр архи, согтууруулах ундааны асуудлыг нухацтай авч үзэхгүй бол үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, бүх айл гэрт нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна гэж үзэж байна. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт зарлиг гаргаж байна. Зарлигийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай. Үүнд:
- Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулгатай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын болон эрхзүйн өөрчлөлт хийх,
- Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулгатай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундааны хатуулгыг арван жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрхзүйн орчныг бүрдүүлэх,
- Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос Хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг байгуулах, Архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах,
- Төрийн байгууллага болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр ёслолын арга хэмжээ, хүлээн авалтад өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэрэглэхийг бүр мөсөн хориглох,
- Халамжаас хөдөлмөрт шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, нийгэм эдийн засгийн цогц арга хэмжээг авах
-
Архи согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд холбогдуулах эрүүгийн болон зөрчлийн ял шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах,
-
Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи согтууруулах ундаа түүнээс үүдэн гарах хор уршиг, нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: