Жо Байден В.Путиныг дайны гэмт хэргээр ШҮҮХЭД дуудаж, Герман Оросын 40 гаруй дипломатчийг эх орноосоо хөөлөө

Жо Байден В.Путиныг дайны гэмт хэргээр ШҮҮХЭД дуудаж, Герман Оросын 40 гаруй дипломатчийг эх орноосоо хөөлөө

Украинд Оросын цэргүүд энгийн иргэдийг хөнөөсөн хэрэг дэлхий дахин шуугиан тарьж энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр шүүгдэхийг уриалав.

Тэрбээр өнгөрөгч шөнө Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Путиныг өмнө нь дайны гэмт хэрэгтэн гэж дуудсаны төлөө намайг шүүмжилж байсныг та бүхэн санаж байгаа байх. Одоо бид Бучад юу тохиолдсоныг харлаа. Тиймээс тэр/В.Путин/ бол дайны гэмт хэрэгтэн. Гэхдээ бид мэдээлэл цуглуулах ёстой. Дайны гэмт хэргийн шүүх хурал болохын тулд бүх нарийн ширийн мэдээллийг олж авах ёстой. В.Путин үнэхээр харгис хэрцгий бөгөөд Бучад болж буй үйл явдал үнэхээр аймшигтай юм. Нөгөө талаар бид Украиныг үргэлжлүүлэн тэмцэхэд шаардлагатай зэвсгээр хангах ёстой” гэжээ.

Мөн өнгөрөгч шөнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киевээс баруун хойд зүгт 30 км-ийн зайд орших Бучад айлчлан, тус хотыг “геноцид гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх дайны гэмт хэргийн талбар болсон байсан” гэж мэдэгджээ. Тэрбээр хотод айлчлах үеэрээ сум нэвтэрдэггүй хантааз өмссөн бөгөөд “Та нар өнөөдөр энд зогсоод юу болсныг хараарай. Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хүүхдүүдийг хөнөөн, маш олон хүн тамлуулсан байна” гэв.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Буча хотод очих үеэр

Украины Буча хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд цэргийн бус хувцастай энгийн иргэдийн цогцос үй олноор олдсон тухай орон нутгийн эрх баригчид мэдээлсэн билээ. Тодруулбал, Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова Оросын цэргүүдийг татан гаргасны дараа Киевийн томоохон бүс нутгаас 410 энгийн иргэний цогцос олдсон гэж мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотой олон улсын удирдагчид Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байна. Тухайлбал,

  • Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Москвагийн эсрэг "маш тодорхой арга хэмжээ авах" тухайлбал Оросын газрын тос, нүүрсэнд хориг тавихыг уриалав.
  • ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл тус холбоо шинэ хориг арга хэмжээ авахаар яаралтай ажиллаж байна гэж мэдэгдэв.
  • Герман улс Оросын 40 орчим дипломатчийг хөөн, Оросын байгалийн хийн Газпромын Герман дахь салбар компанийг түр хяналтдаа авлаа.
  • Үүний дараахан Франц улс Оросын хэд хэдэн дипломат ажилтнаа хөөж, тэдний үйлдлийг "манай аюулгүй байдлын ашиг сонирхолд харшилж байна" гэж мэдэгдэв.
  • Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “ЕХ Украин руу мөрдөн байцаагчдыг илгээж, орон нутгийн эрх баригчдад дайны гэмт хэргийг баримтжуулахад туслах болно” гэж мэдэгдэв.
  • Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки Оросын цэргүүдийн үйлдсэн “геноцид” үйлдлийг олон улсын хэмжээнд мөрдөн шалгахыг уриалж, “Оросын фашист гэмт хэргийн цар хүрээний талаарх үнэнийг олж тогтоох нь чухал” гэжээ.
  • Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мөн барууны орнууд "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, дайны гэмт хэрэг үйлдсэн, геноцид гэсэн эдгээр хэргийг хариуцагчдыг шийтгэлгүй үлдэхгүй байхын тулд чадах бүхнээ хийх ёстой" гэж мэдэгдэв.
  • Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс ОХУ-ын эсрэг "хатуу хориг арга хэмжээний шинэ давлагаа" хийнэ гэж амлажээ.

Энэ мэт барууны томоохон орнууд Буча хотод болсон явдлыг баталгаажуулах, үүнтэй холбоотой ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авахыг уриалсаар байна. Харин ОХУ-ын зүгээс эдгээр мэдээллийг үгүйсгэсэн хэвээр байгаа юм. Тодруулбал, тус улсын Батлан хамгаалахын яам “Оросын бүх анги нэгтгэл гуравдугаар сарын 30-ны өдөр Буча хотыг орхин гарсан. Цогцоснуудыг харуулсан бичлэг, гэрэл зураг нь ээлжит өдөөн хатгалга юм. Оросын зэвсэгт хүчин уг хотыг хяналтдаа байлгах үед нэг ч иргэн хүчирхийллийн хохирогч болоогүй."Цэргийн тусгай ажиллагаа" нь Украины зэвсэгт хүчнийг доройтуулах зорилготой бөгөөд бид энгийн иргэдийг бус цэргийн байгууламжуудыг л онилсон” гэж мэдэгджээ.