Ням гараг/2022.04.03/-т Киевийн ойролцоох Буча хотоос Оросын цэрэг ухарсны дараа 300 орчим хүнийг бөөнөөр нь оршуулсан булш олдсон нь шуугиан тариад байна.
Нас барагсдын тоо нэмэгдэж, өнөөдөр өглөөний байдлаар Киев орчмоос 400 гаруй энгийн иргэний цогцос олдсон гэж Украины эрх баригчид мэдэгдлээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Денис Монастырский “Одоогоор Оросын булаан эзлэгчдийн гарт амь үрэгдсэн 400 иргэний цогцос олдоод байна. Энэ нь зөвхөн урьдчилсан тоо бөгөөд цаашид нэмэгдэж магадгүй гэхээс эмээж байна” гэжээ.
Үүний дараа ОХУ-ын Батлан хамгаалахын яам уг мэдээллийг үгүйсгэж, мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлд “Оросын бүх анги нэгтгэл гуравдугаар сарын 30-ны өдөр Буча хотыг орхин гарсан. Цогцоснуудыг харуулсан бичлэг, гэрэл зураг нь ээлжит өдөөн хатгалга юм. Оросын зэвсэгт хүчин уг хотыг хяналтдаа байлгах үед нэг ч иргэн хүчирхийллийн хохирогч болоогүй.
"Цэргийн тусгай ажиллагаа" нь Украины зэвсэгт хүчнийг доройтуулах зорилготой бөгөөд бид энгийн иргэдийг бус цэргийн байгууламжуудыг л онилсон” гэж мэдэгджээ.
“Ройтерс” агентлагийн сэтгүүлчид Бямба, Ням гарагт Буча хотод очин, цэргийн дүрэмт хувцас өмсөөгүй энгийн иргэдийн цогцос гудамжинд хөглөрч байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл Оросын Батлан хамгаалахын яам Бучагаас авсан дүрс бичлэгт байгаа цогцоснууд "хөдөлж" байсан бөгөөд зохиомол жүжиг гэжээ.
Эх сурвалж: Аrabnew