Жо Байден: Владимир Путин зарим зөвлөхөө гэрийн хорионд оруулсан гэх мэдээлэл бий

Жо Байден: Владимир Путин зарим зөвлөхөө гэрийн хорионд оруулсан гэх мэдээлэл бий

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг зарим зөвлөхөө ажлаас нь халж, гэрийн хорионд оруулсан байж магадгүй гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татав.

Тэрбээр Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “В.Путин зарим зөвлөхүүдээ ажлаас нь халж, гэрийн хорион оруулсан гэсэн мэдээлэл байна. Гэвч би үүнийг баттай хэлж мэдэхгүй байна” гэжээ.

Үүний өмнөх өдөр Цагаан ордны харилцаа холбооны захирал Кейт Бедингфилд В.Путинийг бодит байдлаас тасарсан гэж мэдэгдээд байв. Тодруулбал, тэрбээр “Путиний зөвлөхүүд Оросын арми муу ажиллаж байгааг, барууны орнуудын хоригийн улмаас Оросын эдийн засаг хэрхэн сүйдэж буйг хэлэхээс эмээж байгаа. Путин бодит байдлаас тасарсан гэдэгт бид итгэлтэй байна” гэсэн юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдээллүүдийг үгүйсгэжээ.

Эх сурвалж: Politico