Хяналтын камерын системийг БНХАУ-ын тусламжтай өргөтгөх Х.Нямбаатарын саналыг ҮАБЗ өөрчилжээ

Хяналтын камерын системийг БНХАУ-ын тусламжтай өргөтгөх Х.Нямбаатарын саналыг ҮАБЗ өөрчилжээ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор орон даяар 60 мянган ширхэг камер байрлуулж, нэгдсэн камерын системтэй болох ажлыг Хууль зүйн яам хариуцан ажиллаж буй.

Тэгвэл Х.Нямбаатар сайд камерын хяналтын системийг өргөжүүлэх уг ажлын хүрээнд БНХАУ-аас туслалцаа авахаар төлөвлөсөн байжээ. Гэвч ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу үүнийг өөрчилсөн байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “БНХАУ-аас камерын хяналтын системийг өргөжүүлэхдээ туслалцаа авахаар төлөвлөсөн ч ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу өөрчилсөн. ТЭЗҮ, зураг, төсвөө боловсруулж дууссан. Энэ чиглэлээр туршлагатай, гаднын байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ авна. Орон даяар 60 мянган ширхэг камер байрлуулж, нэгдсэн камерын системтэй болно. Одоо ажиллаж буй камеруудын 1/3 нь ашиглалтын шаардлага хангахгүй. 1/3 ашиглалтгүй, үлдсэн камеруудаар хяналт явуулж байна” гэжээ.