"SaveDudu" аяны хүрээнд 200 сая төгрөг цугларч, "ДүДү хүүхдийн музей" өнөөдөр дахин нээгдэж байна

"SaveDudu" аяны хүрээнд 200 сая төгрөг цугларч, "ДүДү хүүхдийн музей" өнөөдөр дахин нээгдэж байна

Дүдү хүүхдийн музей цар тахлын улмаас сул зогсолт хийж, 200 сая төгрөгийн түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, хаагдахад хүрээд байсан. Улмаар залуус нэгдэн “SaveDudu” аяныг өрнүүлсэн билээ.

Аяны хүрээнд музейн урьдчилж хэвлэгдсэн 10,000 билетийг борлуулж байв. Тэгвэл 10 хоногт 8066 тасалбар борлуулж, 161 сая төгрөгийг цуглуулжээ. Харин үлдсэн 40 сая төгрөгийг “Pizza Hut” нийгмийн хариуцлагын хүрээнд хандивласан байна.

Энэ талаар “Дүдү” музейн  захирал Д.Мөнхтулга өөрийн цахим хуудастаа “Та бид чадлаа. Хамтдаа гайхамшгийг бүтээчихлээ. Магадгүй… хүний амьдралд ганц л тохиох онцгой явдал, гайхалтай 10 хоног.  Хэчнээн олон хүний сэтгэлд гал асааж, итгэл төрүүлж, хайр түгээсэн өдрүүд байв аа.  Бүх хүмүүст баярлалаа. Энэ бол Дүдүгийн түүх бус бидний хамтдаа бүтээсэн гайхалтай түүх юм шүү.

1ш тасалбарыг урьдчилан худалдан авсан та энэ ялалтын жинхэнэ баатар нь юм. Бидний зорилгыг бусдад түгээсэн та ч гэсэн энэ ялалтын эзэн нь юм шүү. Бүх хүмүүсийн бүх талын оролцоонд баярлалаа.

10 хоногт 8066 тасалбар 161.000.000 төгрөг. + Pizza Hut 40сая төгрөг. Бид өнгөрсөн 10 хоногийн бүх процессыг коммент нэг бүрийг баримтжуулж авсан бөгөөд та бүхэндээ хариу талархалаа илэрхийлэх болно. Мөн Монголын ирээдүй болсон бүх хүүхдүүдийн төлөө Дүдү нэртэй бяцхан модон машинаар эхлүүлсэн бидний түүх цаашид илүү дардан илүү гэрэлтэй байх болно. “Дүдү DuDu Children's Museum/ДүДү Хүүхдийн Музей” маргааш буюу 2022 оны 4-р сарын 1-нд хайртай хүүхдүүддээ зориулж дахин нээгдэж байна. Энэ хаалгаа дахин хэзээ ч хаалгахгүй гэдгээ амлаж байна” гэжээ.