Европын холбоо ОХУ-д цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхгүй байхыг Ши Жиньпинээс шаардана гэв

Европын холбоо ОХУ-д цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхгүй байхыг Ши Жиньпинээс шаардана гэв

Энэ сарын эхээр АНУ-ын эрх баригчид ОХУ Хятадаас цэрэг болон эдийн засгийн тусламж хүссэн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл Европын холбоо Орост зэвсэг нийлүүлэхгүй, эдийн засгийн тусламж үзүүлэхгүй байхыг Хятадаас шаардах гэж байна.

Тодруулбал, өнөөдөр Европын холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гурван цагийн виртуал дээд хэмжээний уулзалт хийхдээ энэ талаар ярина хэмээн албаныхан мэдээлжээ.

Уулзалтын талаар албаны эх сурвалж “Европын холбоо Оросын хүсэлтийг няцаахыг Ши Жиньпинээс хүсэх болно. Мөн дэлхийн эдийн засагт учирсан хохирол хэнд ч ашиг авчрахгүй гэж үзэн, Хятадын хүчийг ашиглан тэмцлийг эцэс болгохыг уриална” гэжээ. Гэвч Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт Оросыг томоохон хэмжээний хүмүүнлэгийн хямралаас урьдчилан сэргийлж чадсаныг сайшааж, хоёр орны харилцаа зөв чиглэлд явж байна гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаад байна.

Брюсселийн албан тушаалтнууд өнөөдөр болох виртуал яриа хэлэлцээнээс дорвитой үр дүн хүлээхгүй байгаа ч Хятад улс Путинийг үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэхээс татгалзахад нөлөөлж чадна гэж үзэж байна.