Ардчилсан намын ээлжит бус XIII их хурал энэ сарын 05-ны өдөр болж, тус намын дүрэмд зарим өөрчлөлтийг оруулсан байдаг. Улмаар АН-ын дүрмийг өөрчлөлтийг Улсын Дээд шүүх /УДШ/ өнөөдөр /2022.03.31/ хэлэлцээд бүртгэж авсан. Энэ талаар АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон тус намын бусад удирдлагаа мэдээлэл хийлээ.
АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр “Өнөөдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж, бүртгэж авлаа. Шүүхийн сайтад “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв” гэжээ. Ингэснээр жил гаруй үргэлжилсэн АН-ын маргаан эцэслэгджээ. Үүнээс хойш АН-д ямар нэгэн дүрмийн хуулийн маргаан байхгүй болно гэдгийг мэдэгдэж байна” гэв.