Ардчилсан нам цаг үеийн асуудлаар долоо хоног бүрийн Пүрэв гарагт 4/11 ээлжит мэдээллээ хийдэг. Энэ удаагийн мэдээллийг тус намын дэд дарга Ц.Оюундарь, Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар хийлээ.
Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Өнөөдөр Монгол Улс Дарханы замаа таван жилдээ барьж чадахгүй байгаа, долларын ханш 3 мянга давчихсан байна, бензиний үнэ 3 мянга гарчихлаа, экспорт гацаж, импорт зогсчхоод байна. Бараа бүтээгдэхүүний үнэ 70-аас дээш хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 140 хувь өсчихсөн байна. Нийтээрээ ядууралд орчихсон, дулаан, цахилгааны үнэ өсчихлөө. Энэ асуудлуудыг Монгол Улсын засгийн газар шийдэх ёстой. Харамсалтай нь тэд шоу хийгээд эхэллээ. Өөрөөр хэлбэл, эдгээр зүйлд анхаарах анхаарлыг сарниулахын тулд Хөгжлийн банк гэдэг нэртэй хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан 2016 оны асуудлыг өргөн тавьж байна. Энэ нь хоёр зорилготой. Нэгдүгээрт, АН-ынхныг муухай харагдуулах, хоёрдугаарт, ард түмний сонирхлыг өөр тийш нь чиглүүлэх. Үнэхээр үүнтэй тэмцье гэж байвал 2020,2021 оны ажлын тайланг нууцаас гаргах. Тэгээд хэн нь идсэн бэ гэдгийг ярих цаг болсон” гэв.