ЧУУЛГАН: Экспорт 2020 онд өмнөх оноос 43.3 сая ам.доллараар БУУРЧЭЭ

ЧУУЛГАН: Экспорт 2020 онд өмнөх оноос 43.3 сая ам.доллараар БУУРЧЭЭ

УИХ-ын өнөөдрийн /2022.03.31/ ээлжит чуулган эхэллээ. Хуралдаанаар "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Экспорт 2020 онд өмнөх оноос 43.3 сая ам.доллараар, импорт 858.6 сая ам.доллараар тус, тус буурсан байна.

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 онд 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол 2020 онд төсвийн орлого 9.5 их наяд төгрөг, зардал 13.9 их наяд төгрөг болж, төсөв 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Татварын ачаалал 2020 онд 22.7 хувь болж, өмнөх оноос 3.2 нэгж хувиар буурлаа. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаа, татварын орлого буурсантай холбоотой байна. Экспортын орлогын бууралт нь дотоодын аж ахуй нэгжүүдийн орлого буурахад нөлөөлж, улмаар хөдөлмөрийн зах зээлээр дамжин өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна.

Энэхүү төсөлд санхүүжилтийн эх үүсвэр бүрэн болон хэсэгчлэн шийдвэрлэгдсэн төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 45.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 136 төсөл арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 31.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 135 төсөл арга хэмжээ, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 89 төсөл арга хэмжээг тусгасан.

Тогтоолын төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр 2021-2025 онд нийт 149.226 ажлын байрыг шууд ба шууд бусаар шинээр бий болгож, ажилгүйдэл болон ядуурлын түвшинг бууруулахаар байна.

Монгол Улсын төсвийг их хэмжээгээр тэлж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх, улмаар арилжааны өндөр хүүтэй гадаад, дотоод зээллэгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нь өрийн дарамтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлснээр Засгийн газрын өрийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэн буурч, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацаа уртсах, жигнэсэн дундаж хүүгийн түвшин буурах зэрэг эерэг нөлөө үзүүлж байгаа боловч цаашдаа Засгийн газрын өрийн үйлчилгээний зардал болон валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлэх, төсөвт болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулах сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэ нөхцөлд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтыг хязгаарлах, Засгийн газрын өрийн багцын гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах шаардлагатай байна гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

ҮЗЭХ: