Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт баригдаж буй барилгын цамхагт кран унаж, замын байгууламж эвдсэн осол гарсан. Энэ тухай гуравдугаар сарын 29-ний өглөө бид мэдээлэлж байсан. Тус осол ямар шалтгааны улмаас гарсан талаар холбогдох албаны мэргэжилтэн мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа: Баянгол дүүрэгт баригдаж байсан “Оршил” констракшны барилга дээр кран угсрах үед доош унасан осол гарлаа. Урьдчилсан байдлаар бүрэн бус техник хэрэгсэл ашиглаж байснаас осол гарсан гэсэн дүгнэлт хийсэн. Тухайн осол гарсан шалтгааныг тодруулахаар МХЕГ-аас шалгаж байна. Цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Краны хийц, эд анги гэмтэлтэй байснаас осол гарахад хүрч байгаа юм.
Осол азаар хөдөлгөөн тайван байхад гарсан. Гэхдээ энэ маш аюултай. Эд ангиас гадна тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн туршлага, техникийн үзлэгийг сайтар хийж, туршлагатай хүмүүс гүйцэтгэсэн бол энэ осол гарахгүй байсан гэв.
Одоогийн байдлаар тухайн барилгын ажлыг зогсоож, краныг дахин угсрах, суурийг бэхжүүлэх ажил хийгдэж байна. Тухайн краны хувьд металл хийц нь зэвэнд элэгдсэн байсан тул шинжилгээнд дээжийг нь өгсөн. Дулааны улирал болж, барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарч, дотоод хяналт, үзлэг шалгалтыг тогтмол хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, аливаа осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
ВИДЕО: