"Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцно, намын гишүүнчлэлээс нь чөлөөлнө. Хэрвээ хуулийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол намаас хөөх бөгөөд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй" гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл тэрбээр өнөөдөр /2022.03.30/ өөрийн сошиал хаягтаа "МАН-ын нэр бүхий 9 гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон байгаа" гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, "Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон. Мөн хурлаар нэр бүхий 5 гишүүнийг намаас гарсанд тооцож, намын 5 гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлөөд байна.
2022.03.23-ны өдөр Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргалаа. Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар 4-р сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Эдгээр намын гишүүдийг 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна.
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн асан М.Билэгт
- УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
- УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
- Дэд сайд асан Ш. Лхамсүрэн
гэжээ.