Э.Одбаяр: ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Б.Батцэцэг сайдад чиглэл өгч, цагдаа надаас мэдүүлэг авч байх шиг байна /ВИДЕО/

Э.Одбаяр: ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Б.Батцэцэг сайдад чиглэл өгч, цагдаа надаас мэдүүлэг авч байх шиг байна /ВИДЕО/

Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны гадна иргэд энэ сарын 26-ны өдөр “NoWar” жагсаал зохион байгуулсан билээ. 

Пүрэв гараг /2022.03.24/-т ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж, улмаар дээрх жагсаалыг зохион байгуулсан юм. Жагсаалын үеэр иргэд "Гадаад улсын Элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл" хэмээн буруутгаж байсан. Тэгвэл дээрх жагсаалтай холбоотойгоор "No double standart” хөдөлгөөний төлөөлөгч, иргэн Э.Одбаярыг цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авахаар дууджээ. Энэ талаар Э.Одбаяраас зарим нэгэн зүйлийг тодрууллаа. 

ВИДЕО:

 -Цагдаагийн байгууллагаас танаас мэдүүлэг авна гэж дуудсан гэсэн. Ямар шалтгаанаар дуудсан талаар сонирхуулаач?

-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс надтай холбогдож, гуравдугаар сарын нэгэнд Төв талбай дээр болсон жагсаалтай холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авна гэсэн. Гэсэн ч би үүнд нь итгээгүй, яг ямар шалтгаанаар дуудаж байгааг нь лавлахад “Энэ сарын 26-ны өдөр ОХУ-ын Элчин сайдын яамны гадна зохион байгуулсан жагсаал, ОХУ-ын Элчин сайдыг хөөсөн гэх асуудалтай холбоотойгоор дуудсан гэдэг нь ил болсон. Ер нь иргэдийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө ингэж цагдаа, хуулийн байгууллагаар ээрч, хоргоодог байдал хэвийн үзэгдэл боллоо.

-Тэгэхээр таныг ОХУ-ын Элчин сайдын яамны үйлдлийг эсэргүүцсэний төлөө байцаахаар болсон гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Гуравдугаар сарын нэгний үйл явдалтай холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авна гэж төөрөгдүүлээд ОХУ-ын Элчин сайдыг хөөлөө гэх асуудлаар мэдүүлэг авах гэж байна.

-Ямар хүний гомдлоор таныг мэдүүлэг өг гэсэн юм бол?

-Тэрийг нь сайн мэдээгүй байна. Монголоос ОХУ-ын Элчин сайдыг хөөсөнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад гомдол ирсэн гэсэн. Энэ хүрээнд хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байна гэсэн юм.

-Энэ асуудлаар танаас өөр хүнийг дуудсан болов уу?

-Би үүнийг асуусан. Үнэхээр үзэл бодлоо илэрхийлж, жагсаалд ирсэн хүн болгоноос мэдүүлэг авах юм уу гэхэд тодорхой нэр бүхий хүмүүсийг л дуудсан гэж хэлсэн. Миний хувьд эрх зүйн туслалцаа авах шаардлагатай байгаа.

-Таны хувьд энэ бүхнийг юу гэж харж, дүгнэж байна вэ?

-Өчигдөр Гадаад харилцааны сайд ОХУ-ын Элчин сайдыг дуудаж уулзсан гэсэн. Энэ үеэр Азизов нь Б.Батцэцэг сайдыг толгой түрүүгүй загнаад ОХУ-ын Элчин сайдын яамны гадна жагсаж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг цагдаагийн байгууллагаар шалгаж, ээрээд эхэллээ гэж харж байна. Угтаа тусгаар улсын иргэдийг нь АНУ-ын либерал ноёрхогчдын гар хөл гээд доромжилж байхад нь дуугүй байсан атлаа үзэл бодлоо илэрхийлсний иргэдийг нь ингэж цагдаагийн байгууллагаар шалгаж байгаа нь харамсалтай байна.

-Та бүхний хувьд ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг нутаг буцах ёстой гэж үзсээр байгаа юу?

-Тийм ээ. Гадаад улсын Элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчсөн гэж үзэж байгаа учраас Азизовыг нутаг буцах ёстой гэж үзэж байгаа. Харин түүний оронд ард иргэдтэй нь хүндэтгэлтэй хандах хүн ирэх ёстой. Бусад улс оронд ч ялгаагүй ийм үйлдэл гаргасан Элчин сайдуудыг буцааж байна шүү дээ. Бид тусгаар тогтносон улс шүү дээ.