Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан А.Гылымханы төрсөн дүү Дэлүүн сумын Засаг дарга асан А.Ахылбекийг 1.5 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр ийнхүү яллажээ.
А.Гылымхан нь Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамтран тус аймаг дахь зам, барилгын тендерийн ихэнх ажлыг авч гүйцэтгэсэн гэх баримтыг бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэрээр төсвийн мөнгийг хувийн компанидаа авсан байж болзошгүй байгаа юм.
Мөн төрийн албанд өөрийн төрөл садны хүмүүсээ томилж Баян-Өлгийд "ургийн модоо" ургуулсан гэдэг. Тэдний нэг нь А.Ахылбек бөгөөд ах А.Гылымхан нь түүнийг Дэлүүн сумын Засаг даргаар томилсон гэх мэдээлэл бий билээ.