УКРАИНЫ ИРГЭН: Монголын цагдаа нар ОХУ-ын ЭСЯ-ны гадна болсон жагсаалд оролцохгүй байхыг бидэнд анхааруулсан

УКРАИНЫ ИРГЭН: Монголын цагдаа нар ОХУ-ын ЭСЯ-ны гадна болсон жагсаалд оролцохгүй байхыг бидэнд анхааруулсан

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг/2022.03.24/-т ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамны албан ёсны фейсбүүк хуудаст “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтлэгдсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан.

Харин зарим иргэн үүнийг гадаад улсын Элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн буруутгасан юм. Улмаар Бямба гарагт ОХУ-ын Элчин сайдын яамны гадна иргэд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас Монголд ажиллаж, амьдардаг Украин иргэдийг уг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ. Тодруулбал, Украин иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд ийн анхааруулсан байна. Энэ талаар бид Монголд амьдарч буй Украин иргэнээс тодрууллаа/тус иргэний хүсэлтийн дагуу нэрийг нь нууцалсан болно/.

-Сайн байна уу. Өнгөрсөн Бямба гарагт Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын гадна иргэд жагссан. Уг жагсаалд Украин иргэдийг оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Бид дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, жагсаалд нэгдэхийг хүссэн. Гэвч цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохгүй байхыг анхааруулсан.

-Учир шалтгааныг нь юу гэж тайлбарласан юм бэ?

-Цагдаагийн байгууллагаас Оросууд жагсаалд ирж, Украинчуудын эсрэг хүчирхийлэл үйлдэж болзошгүйд санаа зовж байна гэж тайлбарласан. Мөн зөвшөөрөлгүй жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг сануулсан.

-Таны зүгээс цагдаагийн байгууллагын шаардлагыг хэр үндэслэлтэй гэж харж байна?

-Өмнө нь бид Монголын Засгийн газраас зөвшөөрөл авч хоёр удаа дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн жагсаал хийсэн. Засгийн газраас зөвшөөрөл өгсөнд талархаж байна. Гэхдээ Монгол Улс бол ардчилсан эрх чөлөөт орон. Тиймээс ямарваа нэгэн жагсаалд оролцох эсэх нь хувь хүний сонголт байх ёстой гэж бодож байна. Үнэндээ Бямба гарагт болсон жагсаал хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байсан гэж бодохгүй байгаа.

Монгол Улсад Украины 90 гаруй иргэн амьдарч байгаа талаар албаныхан мэдээлж байв. Цагдаа нарын зүгээс Украин иргэдийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд тийн анхааруулсан бололтой.