Украин сөрөг довтолгоог амжилттай зохион байгуулж, Оросууд хэд хэдэн байрлалаас ухарсан гэв

2022-03-29 16:00

Орос-Украины энхийн хэлэлцээ Истанбул хотноо үргэлжилж байна

Туркийн Истанбул хотын Долмабахче ордонд Орос, Украины энхийн хэлэлцээ үргэлжилж байна. Оросын талыг Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Владимир Мединский нар төлөөлж байгаа бол Украины талыг Давид Арахамия ахалж байна.

Шинжээчдийн зүгээс талуудын байр суурь зөрчилдсөөр байгаа энэ үед хэлэлцээ үр дүнтэй болох найдвар тун бага байна хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

2022-03-29 15:36

Д.Песков: Орос улсын оршин тогтнолд аюул заналхийлсэн үед цөмийн зэвсэг хэрэглэнэ

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Украинд үргэлжилж буй дайнд биш, харин Орос улсын оршин тогтнолд аюул заналхийлсэн үед л цөмийн зэвсэг хэрэглэнэ” гэж хэлжээ.

Тодруулбал, тэрбээр Даваа гараг/2022.03.28/-т “PBS News”-д өгсөн ярилцлагынхаа үеэр энэ талаар ярьсан бөгөөд “Мэдээж Украин дахь үйл ажиллагааны үр дүн нь цөмийн зэвсэг ашиглах шалтгаан биш. Манай улсын оршин тогтнох аюул заналхийлсэн үед л бид цөмийн зэвсгийг ашиглаж болно, бодитоор ашиглана” гэжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Владимир Путиныг “яргачин” гэж нэрлэн, ерөнхийлөгчийн албан тушаалд байх ёстой хүн биш гэж хэлснийг шүүмжилж, “Энэ бол доромжлол. Бид үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч хэн байх, хэн болох нь түүнд хамааралгүй” гэжээ.

Эх сурвалж: CNN

2022-03-29 15:17

Украин сөрөг довтолгоог амжилттай зохион байгуулж, Оросууд хэд хэдэн байрлалаас ухарсан гэв

Их Британийн Батлан хамгаалахын яам Украины нөхцөл байдлын талаар шинэчилсэн мэдээллийг танилцууллаа. Украины арми Киевээс баруун хойд зүгт сөрөг довтолгооныг амжилттай зохион байгуулж, Оросууд хэд хэдэн байрлалаас ухарсан байна.

Гэвч Оросын арми Киевт заналхийлсэн хэвээр байгааг анхааруулжээ. Мөн өмнөд хэсгийн Мариуполь хот хүчтэй дайралтад өртөж байгаа ч Украины цэргүүдийн хяналтад байсан хэвээр байгаа аж. Бусад газар Оросын цэргүүд зохион байгуулалтаа өөрчлөхийн зэрэгцээ байр сууриа хадгалж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Aljazeera