Цахилгаан шатанд дээрэм хийсэн өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ

Цахилгаан шатанд дээрэм хийсэн өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ

Өсвөр насны буюу 13-16 насны дөрвөн хүүхэд 50 орчим насны хоёр иргэнийг цахилгаан шатанд хутга тулган дээрэмдсэн хэрэг гуравдугаар сарын 27-ны өдрийн 23 цагт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Оюун мэдээллээ. Тэрбээр "Цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах байрны орцон дотор хоёр согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээлэл ирүүлснийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн 49 настай, эрэгтэй, Д.Д, 48 настай, эрэгтэй Л.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус байрны лифтэн дотор дөрвөн хүнд зодуулж, дээрэмдүүлсэн гэх дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу шалгахад хэргийг 16 настай, эрэгтэй, Ц.М, 15 настай, эрэгтэй, С.Б, 13 настай, эрэгтэй Х.Ч, 16 настай, эрэгтэй Б.Н нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Хэргийн урьдчилсан дүгнэлтээр тухайн хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон" гэлээ.