ХХБ-наас $2 саяыг залилсан Б.Бямбадоржийг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын захирамжаар суллаж, тэрбээр оргон зайлжээ

ХХБ-наас $2 саяыг залилсан Б.Бямбадоржийг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын захирамжаар суллаж, тэрбээр оргон зайлжээ

Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-наас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өчигдөр /2022.03.28/ мэдээлсэн. Тэгвэл удаа дараагийн залилах гэмт хэрэг үйлдэж, олон тэрбум төгрөгийн асуудлаар шалгагдаж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байсан Б.Бямбадорж гэх этгээдийг чухам хэзээ суллаж, тэрээр ор сураггүй алга болсон гэдгийг бид нэхэн сурвалжлав.  

-Б.БЯМБАДОРЖ НАРЫН ХХБ-НААС ЗАЛИЛСАН 2 САЯ АМ.ДОЛЛАРЫН 1.1 САЯ АМ.ДОЛЛАР ОЛДСОН Ч ҮЛДСЭН НЬ ОЛДООГҮЙ БАЙЖЭЭ-

Б.Бямбадорж нь ХААН банкнаас хятад иргэний бичиг баримт ашиглан 1,3 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-наас 2 сая ам.доллар залилсан байдаг. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас тэрбээр бусадтай бүлэглэн “Эрдэнэ лайт” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, тус байгууллагын данснаас 2 сая ам.долларыг бэлнээр гаргуулж авсан байдаг.

Харин түүнийг ийнхүү залилсныг банкны ажилтнууд нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

Улмаар Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааны хүрээнд Шангри-Ла-гаас холгүй байрлах нэгэн худалдааны төвийн гадна хүнгүй орхиж явсан Land Cruiser маркийн автомашин дотроос 1,1 сая ам.долларыг нь олсон бол үлдсэн ам.доллар 900 мянга орчим ам.доллар нь өнөө хэр олдоогүй гэх мэдээлэл байдаг.

-Б.БЯМБАДОРЖИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАСАН ХҮСЭЛТИЙГ ПРОКУРОРООС ГАРГАЖ, ШҮҮХЭЭС ХУГАЦААГ СУНГААД БАЙЖЭЭ-

Б.Бямбадорж нарыг хэрэг гарснаас хойш дөрөв хоногийн дараа буюу 2021 оны тавдугаар сарын 29-нд өөр бүлэглэсэн хоёр этгээдийнх нь хамт Маахуур толгой орчмоос олж, баривчилсан байдаг. Улмаар дээрх этгээдүүдийг цагдан хорьж, хэргийг шалгаж байсан аж. Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар түүнийг суллаж, улмаар Б.Бямбадорж нь оргон зайлжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх мэт үндэслэлээр Б.Бямбадоржийг цагдан хорих хугацаа сунгах санал гаргасан байна.

Улмаар шүүхээс прокурорын саналыг хүлээн авч түүний цагдан хорих хугацааг сунгаад байжээ. Гэвч 2021 оны есдүгээр сарын 22 /2021.09.22/-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын захирамжаар түүнийг сулласан байна.

Үүнээс хойш тэрбээр гадуур байцаагдаж байсан ч 2021 оны арванхоёрдугаар сар /2021.10/-ын сүүлчээр ор сураггүй алга болж, оргон зайлжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ямартай ч удаа дараа залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан Б.Бямбадоржийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын захирамжаар сулласан нь түүнд ийнхүү оргон зайлах боломж олгосон уу гэх хардлага үлдэж байна.  




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө