ОРОСЫН ХЭВЛЭЛД: Монголд суугаа ЭСЯ Украинтай холбоотой асуудлаар дуулиан дэгдээв

ОРОСЫН ХЭВЛЭЛД: Монголд суугаа ЭСЯ Украинтай холбоотой асуудлаар дуулиан дэгдээв

Өнгөрөгч Пүрэв гараг/2022.03.24/-т ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудаст "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Иргэдийн зүгээс гадаад улсын Элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн буруутгаж байгаа юм. Улмаар Бямба гарагт ОХУ-ын Элчин сайдын яамны гадна зарим иргэн жагсаж, эсэргүүцэл илэрхийлсэн. Тэгвэл уг үйл явдлын талаар Москвад төвтэй ОХУ-ын “Regnum” агентлагт “Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам Украинтай холбоотой дуулианд оролцов” нэртэй нийтлэл гарчээ.

Нийтлэлд “ОХУ-ын Элчин сайдын яам, Монголын АН-ын хооронд дэгдээсэн шуугианд тус улсын ГХЯ хариу үйлдэл үзүүллээ. Гуравдугаар сарын 24-нд Монголын сөрөг хүчний АН-ын гишүүд Украинд хүмүүнлэгийн тусламж явуулахаар шийдсэний дараа үл ойлголцол эхэлсэн юм. Үүний дараа ОХУ-ын ЭСЯ-ны фэйсбүүк хуудаснаа “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал хаант засаглалыг дэмжигчдийн анхааралд” гэсэн пост нийтлэгдсэн бөгөөд АНУ-ын бодлого, түүнийг дэмжигчдийг шүүмжилсэн байна. Гэвч уг пост Монголын зарим идэвхтэн, улстөрчийн шүүмжлэлд өртжээ.

Гуравдугаар сарын 25-нд Ардчилсан нам ОХУ-ын Элчин сайдын яамыг уучлалт гуйхыг шаардсан. Монголын сөрөг хүчний улстөрчид ОХУ-ын Элчин сайдын яамнаас нийтэлсэн "бүдүүлэг, ёс зүйгүй, дипломат дүрэм, ёс заншилд харшилсан" мэдээлэл нь Венийн конвенцыг зөрчсөн гэж үзэж байна.

Гэвч ОХУ-ын Элчин сайдын яамнаас дахин мэдэгдэл гаргаж “Бид Монгол Улсын болон танай улсын Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Украиныг ардчилсан улс гэж тодорхойлсонтой бүгд санал нэг байна. Энэ талаар Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөх асан хүчтэй аргументууд хэлсэн. Түүний Украины улс төрийн тогтолцоог тодорхойлсон нь Монгол Улстай ч, танай намтай ч хамаагүй. Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Венийн конвенцыг зөрчсөн гэх үндэслэл хаана байна вэ. Америкийн удирдагчийн мэдэгдэлд үүний ядаж нэг жишээг хэлээрэй! Манайд биш, санаарай” гэжээ.

Элчин сайдын яам болон АН-ын хооронд санал солилцсонтой холбогдуулан Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас ЭСЯ-нд эсэргүүцлийн ноот бичиг илгээсэн ч хариу хараахан аваагүй байна” гэжээ.

Эх сурвалж: Regnum




Өнөөдөр тахиа өдөр

27 минутын өмнө