Манай улсад баяр, амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барих, танхайрах, эрүүлжүүлэх байрт саатуулагдах хүний тоо эрс нэмэгддэг.
Тухайлбал, нийслэлийн хэмжээнд эрүүлжүүлэх байрт хоногт дунджаар 100-200 орчим хүн саатуулагддаг бол баяр, амралтын өдрүүдэд 200-гаас давдаг байна. Жишээ нь гэхэд энэ сарын 18 /2022.03.18/ буюу цэргийн баяраар улсын хэмжээнд 288 хүн саатуулагджээ.
Тэгвэл тус өдөр эрүүлжүүлэх байранд саатуулагдсан иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна
Тодруулбал, тус өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын саатуулах байранд нийт есөн иргэнийг саатуулж байсан бөгөөд тэднээс Хөвсгөл аймгийн харьяат 52 настай Ц гэгч нь саатуулагдаж байхдаа амь насаа алджээ. Мөн талийгаач саатуулагдаж байх үедээ өөрийн биеийн байдал тааруу байгаа талаараа хэлж, алба хаагчдаас тусламж хүсэж байсан ч албаныхан нар огт тоогоогүй аж. Харин шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаачийн зүрх хаагдаж, амьсгалын дутагдлын улмаас амиа алдсан тул гаднын нөлөөгүй гэх дүгнэлтэд гарсан байна.