Энэ долоо хоногийн Пүрэв гараг /2022.03.24/-т Монголд суугаа Оросын элчин сайдын яамнаас “Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэх мэдэгдлийг өөрийн facebook хуудастаа нийтэлсэн. Энэ мэдэгдэл нь Монгол Улсын иргэний эрх чөлөөг үгүйсгэсэн, доромжилсон үйлдэл байж болзошгүй байгаа.
-ФРАНЦ ОРОСЫН ЭЛЧИН ДУУДААД УСТГУУЛЖ БАЙХАД, МОНГОЛ “НОТ БИЧИГ” ӨГӨӨД Ч УСТГАСАНГҮЙ-
Харин дээрх мэдэгдэлтэй холбогдуулж, элчин сайд асан Ц.Сүхбаатар “олон улсын харилцааны нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж, суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон үйлдэл” гэж буруутгасан. Харин манай Гадаад харилцааны яамнаас Оросын элчин руу “нот бичиг” явуулсан гэж байгаа ч тодорхой мэдээлэл хийгээгүй.
ОХУ-ын ЭСЯ-наас АН-д хандан гаргасан мэдэгдэл нь олон улсын харилцааны нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж, суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон үйлдэл. ГХЯ, сайд Батцэцэг үгээ хэлнэ үү? Зөвшөөрөөд дуугай бгаад байх уу?
— Tsedenjav Sukhbaatar (@TsedenjavS) March 24, 2022
Тэгвэл Франц улсад суух ОХУ-ын Элчин сайдын яам саяхан твиттер хуудастаа Европын талаар зарим таагүй зургийг нийтэлсэн нь “байж боломгүй үйлдэл” хэмээн тус улсын Гадаад харилцааны яамнаас Францад суух Оросын элчин сайдыг дуудсан гэх мэдээлэл гараад байна. Харин тус мэдээлэл одоо твиттер хаягт нь байхгүй байгаа юм.
Франц дахь ОХУ-ын ЭСЯ-ны твиттэр. Байж болшгүй үйлдэл хэмээн үзэж Францын ЕГХЯ оросын Элчин сайдыг дуудаж pic.twitter.com/jOG2yIJUHW
— ᠲᠡᠮᠦᠷ☆ (@shtumur) March 25, 2022
Гэтэл Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны “суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон” мэдээ, мэдэгдлүүд гаргаж, үүнд нь манай Гадаад харилцааны яам, Б.Батцэцэг сайд ямар ч хариу арга хэмжээ авалгүй зүгээр хараад, суусаар байна.
-“МҮОНРТ-ЭЭР ПАРАД ДАМЖУУЛСАНГҮЙ, УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХ ЖАГСААЛТАА ӨГ” ГЭЖ ОРОСЫН ЭЛЧИН МЭДЭГДЭЖ БАЙВ-
Тухайлбал, 2020 оны зургадугаар сард УИХ-ын сонгуулийн үеэр ОХУ-ын Ялалтын баярын парад болсон. Харин тус парадыг дамжуулсангүй хэмээн ОХУ-ын элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргаж байв. Үүний хариуд МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц “МҮОНРТ-ээс уучлалт гуйхыг шаардаж байна. Манай улсын олон нийтийн ТВ-ийн асуудалд бүдүүлгээр доромж үгүүд хэрэглэж хандсанд харамсаж байна” гэж мэдэгдэж, Ерөнхий сайд асан С.Баяр “Хуучин цагт ЗХУ-ын элчин сайд ч ингэж аашилж байгаагүй санагдана. Дипломат ёс где” хэмээн хариу барьж байлаа. Харин Гадаад харилцааны яам үүнд ямар ч арга хэмжээ аваагүй.
#MNB #МҮОНРТ -ээс уучлалт гуйхыг шаардаж байна. Манай улсын олон нийтийн ТВ-ийн асуудалд бүдүүлгээр доромж үгүүд хэрэглэж хандсанд харамсаж байна. https://t.co/PjQWy0D5uR
— Л.НИНЖЖАМЦ, NINJJAMTS.L (@NinjjamtsL) June 21, 2020
Уншлаа. Хуучин цагт ЗХУ-ын элчин сайд ч ингэж аашилж байгаагүй санагдана. Дипломат ёс где ?
— S.Bayar (@SBayar12) June 22, 2020
Мөн 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хурал Улаанбаатар хотод болох үеэр Оросын сайд Виктория Абрамченко “Монгол Улс Эгийн гол дээр усан цахилгаан станц барих асуудлыг ОХУ зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байдаг. Үндсэндээ манай улс цаашдаа ч “цайгаа чанахдаа хөрш улсаасаа гал гуйсан” хэвээр цахилгаан эрчим хүчний хамааралтай байна гэсэн үг. Энэ асуудалд мөн л Гадаад харилцааны яам ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй.
Харин саяхан /2022.01 сар/ манай улсад суугаа Оросын элчин сайд И.К.Азизов УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэрээ “УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авая” гэсэн байдаг. Үүнийг зарим иргэд ихэд шүүмжилж, “Монгол Улс ЗХУ-ын хамаарлаас гараад 32 жил болж байна” гэх байр суурийг илэрхийлсэн. Гэтэл манай Гадаад харилцааны яам “чив, чимээгүй” суусаар байна.