ШУУРХАЙ: ОХУ руу их хэмжээний ам.доллар авч явах гэж байсан этгээдийг илрүүлэн, саатуулжээ

ШУУРХАЙ: ОХУ руу их хэмжээний ам.доллар авч явах гэж байсан этгээдийг илрүүлэн, саатуулжээ

Монгол Улсад валютын эрэл нэмэгдэж, ам.долларын ханш "Найман шарга" зах дээр даруй 3000 төгрөг давсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Валютын хомстол үүссэн шалтгааныг олон нийт янз бүрээр тайлбарлаж, хардаж буй. Тухайлбал, Орос, Украины асуудлаас үүдэж, ОХУ-д долларын ханш өссөн учир тус улс руу их хэмжээний доллар гаргаж байгаагаас хомстол үүсэж байж болзошгүй гэх хардлага хөврөх болсон. 

Тэгвэл энэхүү хардлага үнэн бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн долоо хоног /2022.03.14-20/-т ОХУ-ын Улаан-Үүд хот руу зорчих гэж байсан манай улсын иргэн хууль бусаар их хэмжээний ам.доллар Монгол улсын хилээр гаргах гэж байхад нь албаныхан саатуулжээ. Харин энэхүү мэдээллийг нууцалж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа аж.

Монгол Улсын хилээр 5 сая төгрөг болон 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют бэлнээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Харин үүнээс их хэмжээний бэлэн мөнгө авч явж байгаа тохиолдолд Гаалийн мэдүүлэг заавал бөглөх ёстой байдаг аж.  Түүнчлэн Монгол Улсын иргэдийн тухайд Монголын Гаальд мэдүүлэхээс гадна тухайн зорчиж буй улсынхаа хуульд заасан хэмжээнээс их мөнгө бэлнээр авч явж байгаа тохиолдолд мөн Гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай байдаг байна. Хэрэв гаальд мэдүүлэлгүйгээр их хэмжээний бэлэн мөнгө хилээр нэвтрүүлэхийг завдвал мөнгийг нь улсын орлого болгон хураан авахаас гадна тухайн мөнгөний 30 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулах хуулийн зохицуулалттай аж.