Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од АНУ-ын зүүн Вашингтоны их сургуульд суралцах албан ёсны санал хүлээн авчээ.
Энэ талаар түүний аав МУГТ Ц.Шаравжамц өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ирэх долоо хоногт АНУ-ын “Eastern Washington University” суралцах Энхүүлэйгийн анхны албан ёсны санал ирэх нь ээ. Энэ сургуульд би 1998 онд суралцангаа алдаад больсон юм. “Азарганы хүрээгүйд унага хүрдэг. Аавын чадаагүйг хүү нь гүйцээдэг” гэдэг. Аав нь маш их баяртай байна. Өөр “Baylor University” болон “Ohio State University” гэсэн хоёр ч их сургуулиас сонирхож байгаа. Цаашид өөр их сургуулиудаас санал ирнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хүү мундаг шүү. Зүтгээд л байгаарай” гэжээ.
Улаанбаатар хотноо өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулсан "FIBA 3×3 U18 World Cup"-д Монгол Улсын баг амжилттай оролцож, Ш.Энхийн-Од Олон улсын түвшинд “FIBA”-гийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөн энэ кэмпэд оролцох урилгыг гардан авчээ.