Кремлийн шүүмжлэгч А.Навальныйд мөнгө завшсан хэргээр дахин 9 жилийн хорих ял оноожээ

Кремлийн шүүмжлэгч А.Навальныйд мөнгө завшсан хэргээр дахин 9 жилийн хорих ял оноожээ

Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйд дахин хэрэг үүсгэжээ. Тодруулбал, түүнийг Авилгатай тэмцэх сангаас мөнгө завшсан хэрэгт буруутгаж, есөн жилийн хорих ял, мөн 11.200 ам.долларын торгууль ногдуулсан байна.

“Human Rights Watch” хүний эрхийн байгууллагаас Алексей Навальныйд “шинэ зохиомол хэрэг үүсгэж байна гэж мэдэгджээ. Мөн тус байгууллагын захирал Хью Уильямсон “Тэд Навальныйгийн амыг хамхиж, Кремлийн бодлогыг эсэргүүцсэн хэн бүхэнд анхааруулга өгөх зорилгоор ийм шийдвэр гаргалаа.  Кремль Оросын нийгмийг гадаад ертөнцөөс тусгаарлахаар шийдсэн бололтой. Оросуудыг эвгүй баримтаас, тэр дундаа Украин руу довтолсон тухай мэдээллээс холдуулахаар шийдсэн бололтой” гэжээ.

Алексей Навальныйг 2021 оны хоёрдугаар сард Германы Берлин хотоос Москвад ирэх үед нь баривчилсан билээ. Улмаар тэнсэн харгалзах ялын журмыг удаа дараа зөрчсөн хэргээр 3.5 жилийн хорих ял оноосон юм. 

Эх сурвалж: BBC