“Пирамид-Орд” ХХК нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрын барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авсан талаар бид анх мэдээлж байсан билээ.
Харин дээрх холбоог сүүлийн 10 гаруй жил толгойлж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга саяхан энэхүү мэдээллийг үгйүсгэж, "Энэ бол цэвэр гүтгэлэг" хэмээсэн байдаг. Тэгвэл МоАХ-ны газрыг “Пирамид-Орд” ХХК-ийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн холбооны дарга Х.Баттулга, УЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нарыг гарын үсэн бүхий баримт ил боллоо.
Тус баримтад "МоАХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын нэгний өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэн “МоАХ-ны Хан-Уул дүүрэгт байрлах №000303769 тоот гэрчилгээтэй 10 мянган мкв газар эзэмших эрхийг Хөгжлийн банкнаас авах “Пирамид орд” ХХК-ны зээлд барьцаалахыг зөвшөөрсүгэй, үүнтэй холбоотойгоор барьцаалах гэрээнд барьцаалуулагч буюу МоАХ-г төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Пирамид орд ХХК-ийн Ерөнхий захирал Г.Цолмон, гүйцэтгэх захирал Ц.Хонгорзул нарт олгосугай” гэх тогтоолд Х.Баттулга гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
МоАХ-ны газрыг барьцаанд тавьсан асуудлыг эргэн сануулахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын удирддаг МоАХ ТТБ нь Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд “9 мянга гаруй м.кв газар”-ыг “МоАХ-ны ахмадуудад зориулсан орон сууц барина гэх нэрийдлээр авсан гэдэг.
Гэтэл 2018 оны зургаадугаар сард “Пирамид-Орд” ХХК нь тус газарт “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийнхээ барьцаанд, “МоАХ-ны дээрх 9 мянга гаруй м.кв дээрх газар болон тус газар дахь 3,400-6,426 м.кв нийт дөрвөн орон сууц”-ыг тавьсан байгаа юм. Ингээд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сард дууссан ч, зээлээ төлөөгүйн улмаас 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсэж, энэхүү асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очоод байгаа юм.