Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл хорих ангиас өлсгөлөн зарлахаар болсон талаар түүний Б.Чулуудай болон өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ.
Э.Бат-Үүлийн өмгөөлөгч "Монгол Улсын Үндсэн хуульд хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Дамжин өнгөрөх хорих 409 дүгээр ангид ял эдлэж буй миний үйлчлүүлэгчийн энэхүү эрхийг анх хоригдсон цагаас нь хязгаарласан. Тиймээс ч өлсгөлөн зарлахаас өөр арга байхгүй байна. Энэ хүн өөрийгөө гэм буруугүй, намайг суллаач ээ гэж өлсгөлөн зарлаагүй. Харин Монгол Улсад ардчилал хүний эрхийн түвшин маш аюултай түвшинд хүрсэн байна. Өнөөдөр Путинг шүүмжилж, Украины талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Ингэхдээ энх тайвныг л уриалсаны төлөө хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаасан" гэлээ.
Бат-Үүлийн хүү Чулуудай "Аав маань гуравдугаар сарын 7-ны өдөр "Путины клоничлол эргэн сэргэх үү" гэх нийтлэл бичсэн. Харин үүнийг Шүүхийн шийвдэр гүйцэтгэх газраас бус прокуророос үндэслэлгүйгээр зогсоосон. Тиймээс энэ бүхнийг эсэргүүцэж, аав маань хорих ангид өлсгөлөн зарлахаар болсон гэдгээ биднээр дамжуулан мэдэгдлээ.
Аав маань дээрх нийтлэлдээ Путин олимпын наадмын үеэр дайн эхлүүлнэ гэдэг нь хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг. ОХУ Украиныг гутаан доромжилж байгааг харахад маргааш Монголд ч ийм байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Ардчилал, энх тайван, үнэний төлөө бид үргэлж тэмцдэг байх ёстой. Ингэж байж л бид жинхэнэ тусгаар улсын бодлогоо хэрэгжүүлэх боломжтой. Энэ дайн монголын эдийн засагт нөлөөлж, эргэж сэргэхэд бэрх байдалд оруулах болно. Харин энэ бүхнийг бичиж нийтэлсний төлөө хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хасаж байгааг эсэргүүцэж, өлсгөлөн зарлахаар болсноо дуулгаж, захидал илгээсэн. Харин аавын ач охиндоо болон надад бичсэн захидлыг өгөөгүй. Энэ нь түүнийг нийгмээс бүрэн тусгаарлаж байгаа хэрэг гэж ойлгож байна" гэлээ.
Э.Бат-Үүл нь өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа ийнхүү бичсэн байна. Тэрбээр “Монгол Улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй. Хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрх чөлөөгөө сэргээх хүртэл өлсгөлөн зарлана. Монгол Улсыг эрх чөлөөт орон гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүн бүхэн дэмжээрэй. Мөн АН-ын баатрууд, МоАХ дэмжээрэй. Чөлөөт хэвлэлийг хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалаарай гэж уриалж байна.
1990 оноос өмнөх тогтолцоо эргэн иржээ. Путиныг шүүмжлээд буруутан болдог бурангуй нийгэм бий болжээ. Би Оросын шоронд хоригдож байгаа юм уу. Би Путины шоронд хоригдоогүй, түүний улсад амьдраагүй. Ардчиллын баатрууддаа хандаж хэлэхэд, 1990 оноос өмнөх колони улс чинь сэргэж байна шүү. Үүнийг дэмжээрэй.
- Нэгт, жижиг гүрнийг том гүрэн дарангуйлдаг явдал газар авбал бидний ирээдүй эрсдэлд орно.
- Хоёрт, манай эдийн засаг хүндэрч байна. Бид эвийн хэлэлцээрт орохыг уриалах ёстой.
Залуус аа, дэлхийн залуусаас ичээч. Ардчилал бол чиний гэр орон. 1990 оноос хойш анх удаа бурангуй ёс тогтож байгааг үүгээр мэдэгдэж байна” хэмээжээ.