Ерөнхиийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ны хамтаар "Шинэ яармаг" орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны тавдугаар сард 142.4 тэрбум зээл авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Хөгжлийн банк нь тус компанийн зээлийн санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулахгүйгээр гаргасан байжээ. Тэгвэл Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжсэн төслийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтэд "Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих төсөл нь Монгол Улсын Их хурлаас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “100 мянган айлын орон сууц” төсөлд хамрагддаг бөгөөд төслийн хэрэгжүүлэгч нь “Юнайтэд Прожект Групп” ХХК. 2015 оны долдугаар сарын 20-ны өдөр ТОСК, ТӨҮГ-тэй “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ байгуулан, төслийн гүйцэтгэгчээр нь “Юнайтэд Прожект Групп” ХХК-ийн зуун хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох Нью Яармаг Хаусинг Прожект компаныг ажиллуулахаар тохирсон.
Энэхүү компани нь LOT I,II,III гэсэн гурван үе шаттай нийт 230 сая ам.долларын төсөвт өртөгтэй орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлсэн, нийт санхүүжилтийн 85 хувийг Хятад Улсын экспорт, импорт банкнаас зээл авч санхүүжих төлөвлөгөөтэй байжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар дээрх зээлд Хөгжлийн банкаар дамжуулан баталгаа гаргуулж, төслийн санхүүжилтийн үлдсэн 15 хувьд Хөгжлийн банкаар дамжуулан 50 сая ам.долларын зээл олгосон байна. Үүний 18.3 сая ам.доллар нь эрсдэлд орж болзошгүй байна" хэмээжээ.