Өчигдөр/2022.03.21/ Хятадын өмнөд хязгаарын Гуаньши мужийн нутагт “China Eastern Airlines” компанийн 132 зөрчигчтэй Boeing 737-800 нисэх онгоц осолдсон билээ. Онгоц осолдохдоо эгц босоо чиглэлд газар хүчтэй мөргөж унасан нь тодорхой болж, зорчигчид бүгд нас барсан гэж үзэж байгаа юм.
Гэсэн ч найдлага тээсэн ар гэрийнхэн нь эрэн хайх үйл ажиллагааг зохион байгуулахыг хүсэж, одоо ослын газарт аврагчид ажиллаж байгаа аж.
Эрх баригчид зорчигчид болон онгоцны нислэгийн багийг хараахан бүрэн тогтоогоогүй байна. Гэвч орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Гуанжоу хотод оршуулах ёслолд оролцохоор явсан өсвөр насны зургаан хүүхэд онгоцонд байжээ. Одоо Гуанжоугийн олон улсын нисэх онгоцны буудалд зорчигчдын гэр бүл, найз нөхөд зэрэг хүмүүс цуглараад байна.
Эмгэнэлт явдлын дараа тус улсын удирдагч Ши Жиньпин бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулахыг тушаав. Гэвч ослын шалтгааныг тогтоохын тулд онгоцны хар хайрцаг болон бусад тоног төхөөрөмжийг олох шаардлагатай. Ослын дараа Хятадын үндэсний гурван том төрийн өмчит агаарын тээврийн компанийн нэг болох “China Eastern Airlines” хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Мөн бүх Боинг 737-800 онгоцнуудаа зогсоосон байна.
Эх сурвалж: BBC