Ц.Ариунболд: Хөгжлийн банкны 14 албан тушаалтныг банкнаас олгосон зээлтэй холбогдуулан шалгаж байна

Ц.Ариунболд: Хөгжлийн банкны 14 албан тушаалтныг банкнаас олгосон зээлтэй холбогдуулан шалгаж байна

Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдэж, Хөгжлийн банкны асуудлаар Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлсэн билээ.

Тэгвэл энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Хөгжлийн банктай холбоотой асуудалд 2016 оноос хойш шалгагдаж, тодорхой хэргүүдэд ажиллагаа явагдаж, шийдэгдсэн.

2022 оноос хойш Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага эрчимтэй шалгаж байна. Тодруулбал, хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл 41 хэрэгт 74 ААН-ийг шалгаж байна. 2 их наяд 383 тэрбум төгрөгийн зээл олголт хуулийн дагуу явагдсан эсэх, мөнгө угаалт, авлига өгсөн, авсан эсэх зэрэгт мөрдөн байцаалт явуулж байна.

Мөрдөн байцаалт явуулж буй 12 хэрэгт нийт 22 хүн холбогдон шалгагдаж байгаа. Үүнээс 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтнууд байна. 8 нь ААН-ийн удирдлага албан хаагчид байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад 11 хүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Харин 61 иргэний 641 ширхэг үл хөдлөх битүүмжилсэн. 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилсэн. 25 ААН-ийн хувьцаа арилжаалах эрхийг зогсоосон. Эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татагдсан 12 хэрэгт УИХ-ын гишүүн холбогдсон асуудал байхгүй" гэлээ.